НӨАТ-ын буцаан олголт авч байгаа хүмүүс С.Баярцогтод талархах хэрэгтэй...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-12

Шуудхан хэлэхэд НӨАТ-ын буцаан олголт авч байгаа хүмүүс С.Баярцогтод талархах хэрэгтэй. Түүнийг нэг зүйл дээрч болов магтаж, сайшаах нь зөв. Хар залуугаасаа улстөрд орж, 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлалцахад гар бие оролцож явсан түүх түүнд бий...

Монголчуудыг хоногийн хоолтой байлгах түүхэн гэрээг үзэглэснийхээ төлөө тэр “шоронд сууж”, нэрээ хугалуулж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож яваа. Тэрбээр нэг удаагийн хэвлэлийн хурал хийх үеэрээ “Оюутолгойн гэрээ бол миний хувьд хамгийн бахархалт гэрээ. Би үүрд бахархах болно. Монголчуудыг хоолтой байх гэрээг үзэглэсэндээ бахархалтай байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай. За тэр ч яахав. Ямартай ч шүүх, цагдаа, хууль хяналт, Швейцарь, Монголгүй л шалгуулж яваа “алдартай улс төрч”. Шүүх эцсийн шийдийг гаргана байх...Тэр бол хугацаа хэрэгтэй юм шиг байна.

Харин одоо түүний бас нэг түүхэн гавьяаг магтан дуулъя. 2008 оны сонгуулиар одоогийн эрх баригч, тухайн үеийн МАХН олонхийн суудал авсан ч Засгийн газрын тэргүүн Санжийн Баяр нэгэн гэнэтийн шийвэр гаргасан нь стандарт бус Засгийн газар буюу МАНАН-гийн Засгийн газрыг анх байгуулсан. Тэр Засгийн газарт сөрөг хүчин болох 26 суудалтай АН-аас зургаан хүнийг танхимдаа урьж  багаа бүрдүүлсэн нь тэр үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг /Тэргүүн шадар сайд/, С.Баярцогт /Сангийн сайд/, Л.Гансүх /Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/, Х.Баттулга /Барилга, хот байгуулалтын сайд/, Гадаад харилцааны сайд Л.Болд, нар байв. Хоёр намын хамтарсан Засгийн газарт дөрвөн жил Сангийн сайдын албыг хашсан.

Өчигдрөөс /2020.02.10/ эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгө нь орсон иргэд “Байр авна, 570 авна” хэмээн тоглоом шоглоомоор архацгааж байна. Аргагүй л дээ... Дэлгүүрээс худалдан авсан хувцас, өндөг, тамхи, пиво бүрийнх нь мөнгөний нэг хувь өөрийнх нь дансанд буцаж орж байгаа нь тэр юм. Тэгвэл Монголчууд энэ буцаан олголтын мөнгийг хэн, хэрхэн шийдсэнийг мэддэг болов уу...

Сү.Батболдын Засгийн газрын үед Сангийн сайдаар ажилаж байхдаа анх Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд анх энэ санаа яригдаж байв.  Тэгэхэд гадны 156 орны хуулийг харах, тэдний туршлагаас судлах, хөнгөлөлтийн хуулиар хэдэн бараа, үйлчилгээ байгааг тус бүрд нь судалгаа гаргах, уул уурхайн хувьд НӨАТ-аас гадна бусад татварын дарамтын харьцуулсан судалгаа, буцаан олголтын талаарх нарийвчилсан судалгааг гаргаж, анх судлаж байв. Энэ ажлыг Сангийн сайдын хувиар С.Баярцогт хариуцав.

Үүний дараа 2012-2016 оны УИХ-р Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх ажлыг хэсгийг тэр үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, энэ хуулийн төслийг анх ярьж байсан хүний хувьд УИХ-ын гишүүн С.Баярцогт мөн ахлав.

Олон жил, олон удаа яригдаж, хэлцэгдсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” 2015 оны долдугаар сард шинэчлэн батлагдаж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байв. Үндсэндээ энэ хуулийн гол автор нь яахын аргагүй АН-ын гол сэхээтэн Сангажавын Баярцогт мөн.

Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм. Ингэснээр ажил үйлчилгээ бүгд хяналтанд орж байгаагаа төр, иргэн хэн нь хожих үйл явц болж байгаа юм. Энэ мөчөөс эхлээд аливаа этгээд татвараа нууж, орлогоо нууж амьдардаг үе дуусч байгаа гэсэн үг. Өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталснаараа 95 мянган аж ахуй нэгж шинэ тайлан бланстай эхэлж байна. Үүний үр шимээр өрсөлдөөн бий болж байна. Цэвэр өрсөлдөөний үр дүнд найдвартай үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид хожих юм.

Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.  148,000 тэрбумыг хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлсэн. 912,000 иргэн буцаан олголт авч байгаа. Өнгөрсөн жил 796,000 иргэн авч байсан бол энэ жил 115,000-аар нэмэгдсэн. Харин 2020 оны хувьд Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт орох юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.208.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.