Ц.Элбэгдоржид БААТАР ЦОЛ олгох ч багадна...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-15

Монголын Цахиагийн Элбэгдоржид баярлалаа... Хүн бүхэн дуртай нэгнээ хараах, гудамжинд нус, шүлсээ хаях, алдаа гаргасан хэнийг ч харлуулж муулах, хамгийн адгийн хүнийг сайн гэж магтах, УИХ-ын гишүүдээ 76 мал гэж хараах, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудаа барьж, хорьдог ийм эрх чөлөөт нийгмийг бүтээлцсэн түүнд баяр хүргэе.

1990 онд хэсэг нөхдийнхөө хамт бүтээлцсэн Ардчилсан нийгэм, эрх чөлөөт нийгмээ тэрбээр “Улстөрч хүн бол муулуулах л хувь заяатай. Гэхдээ муулууллаа, доромжлууллаа гээд гомдох эрхгүй. Ард түмэн нь хэнийг хайрлах, хэзээ нь үнсэхээ мэддэг” хэмээн ойлгомжтойгоор тодорхойлсон байдаг.

Тэр бол Монголын улстөр дэх “шижигнэсэн үнэт эрдэнэ”. Хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа төрийн тэргүүнээр сонгогдохдоо тэр зөвхөн Монгол хүний эрх чөлөөт нийгмийг сайжруулахын тулд санаа бодлоо чилээсэн хүн юм.

Сүүлийн үеийн залуу улстөрчид түүнийг Н.Энхбаяраас ч дор “МАНГАС” гэж хардаг. Тэдэнд ийм боломж олгосных нь төлөө түүнд баярлалаа гэж хэлье. Муу гэж шүүмжлүүлж, муулуулахад хэн ч таатай бус. Гэхдээ “Идсэн ирүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” гэж үгтэй. Ц.Элбэгдоржийг муулж, барьж, хорь, цаазал гэж байгаа хүмүүс тэгээд түүн шиг сэхээтэн болсон нь хаа байгаа юм. Гудамжинд шүлсээ хаядаг, ядуу хэвээрээ л байна. Хүн мууллаа гээд баяждаггүй л гэдгийг харуулж байна.

Цахиагийн Элбэгдорж бусдын сайн чанарыг харж чаддаг, түүгээрээ дамжуулан урам өгч, асааж чаддаг хүн. Хамгийн хүчтэй улстөрч.

Тэр бол эрх зүйт төрийг эрхэмлэдэг. Бүхний дээр хууль байдаг гэж үздэг. Тийм дээ ч бусад шиг оргож зугтсангүй. Хууль дуудлаа гутлаа тослоод, зангиагаа засаад яваад очдог. Шүүх л эцсийн шийдийг гаргана гэдэгт бат итгэдэг. Ийм шүүхтэй улс болгохыг хичээж ажилласан. Тэр чадсан. Харин зарим нь түүнийг “шударга бусын хонгил” гэж нэрлэдэг. Хүчтэй хууль нь түүнийг дуудаад ачаад явахад тэр лав гуталтайгаа ачигдана. Жудочдоор хамгаалуулахгүй. Салаавч ч гаргахгүй.

Эрдэм дорой, мэдлэг дутуу, ухаангүй, чадваргүй хүн төр удирддаггүй гэдгийг тэр өөрийн биеэр үлгэрлэсэн. Мэдлэгтэй, чадвартай, бас зальтай учраас ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ТАНИУЛЖ чадсан. Дэлхийн удирдагч нар манай улсад цугласан 2016 оны зургаадугаар сарын мартаж болохгүй.

Ц.Элбэгдоржийн санаачилгын улмаас Олон улс дахь Монгол улсын нэр хүнд өсөж, гадны хөрөнгө оруулагчид цугларч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үүнийх нь төлөө түүнд УЛСЫН БААТАР цол олгосон ч багадна.

Тэр бол баатар болох үйл хэргийг бүтээж чадсанаараа улстөрд мөнхөрнө. Өнөөгийн улстөрчдөд худлаа хэлэх, хулгай хийх боломжийг нь хаачихсан учраас тэд Ц.Элбэгдоржид ясны дургүй болсон. Гэхдээ хожим түүнийг бүгд магтан дуулах болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.143.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.