Өглөөний сэргээш цуврал контент: Номчи овгийн Дэжидийн БАЙГАЛ 
Үйл явдал
/
2020-02-16

Төгссөн сургууль:

Өмнөговь аймгийн 10 жилийн сургууль, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

Мэргэжил:

Инженер-химич-технологич

Ажилласан туршлага:

1976 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвд багш-орчуулагч, 1977 оноос тус үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1978 оноос Химийн төв лабораторид инженер, ахлах инженер, орлогч дарга, дарга, 1996 оноос Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч, 2005 оноос Захиалагчийн албаны даргаар ажиллаж байгаад 2011 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн даргын үүрэгт албыг хүлээн авсан.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

Уралын мэргэжил дээшлүүлэх институт, Английн Манчестерын их сургуульд Эдийн засгийн удирдлагын, Сингапурт инноваци бүтээмжийн, Японд эргономикийн сургалтаар мэргэжил дээшлүүлсэн.

Чин хүсэл:

“Юу хийвэл, хүний төлөө байх бол, яавал, энэ ажлыг илүү сайн хийж болох вэ” хэмээн сэтгэлээ чилээн ажилласан он жилүүдээ эргэн хараад “За яахав ээ, энэ дайтай байхад болж” гэж өөртөө дүн тавина. Бусдад дэм болох, хүн гомдоохгүй байх амьдралын чиг шугамаа алдалгүй явсаар өнөөдрийг хүрсэн Д.Байгал дарга Эрдэнэт үйлдвэрт 44 дэх жилдээ хүч хөдөлмөрөө зориулж яваа нь энэ. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн залгамж халааг чадавхжуулан бэлтгэх их ажилд гар бие оролцон, уурхайчин залуусыг дуу хуураар хөглөсөн “Cu-Mo” хамтлагийн суурийг тавилцаж, удирдсан хамт олноо атгасан гар шиг зангидсан туршлага түүнд бий. Тэр эрдэнэс дээжилсэн Эрдэнэт хэмээх их айлын нэгэн үеийн түүхийг бичилцсэн эрхэм хүмүүн.

 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-“Өнөөдөр амжуулж болох ажлыг маргаашдаа бүү үлдээ” гэж ээж минь захидаг байсан. Энэ зарчмыг амьдралдаа мөрдлөг болгож ирсэн. Шөнө хэчнээн оройтсон ч өглөө 06:30 цагт л сэрдэг, сэрээд хэвтдэггүй. 1976 онд ажилд орсон үеэсээ л ийм дэглэмтэй болж, 44 жил өнгөрсөн байна. Өглөөний агаар чээж дүүрэн амьсгалах мэдрэмж гайхалтай сайхан. Цонх хаалгаа нэвт онгойлгож өглөөний агаараар гэрээ дүүргэх нь өглөө бүр хэвшил болсон зүйлсийн нэг гэж болно.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?

-Сэргээш гэдэг үгийг би амьдралдаа хэрэглэж үзсэнгүй. Сэтгэл сэргэх, урам зоригтой болох гэсэн утга байх. Хүний толгой өглөө хамгийн сэргэг байдаг шүү дээ. Тухайн өдрийн төлөвлөсөн ажлаа тэрхүү толгойг ашиглаж амжуулах л сайхан. Тэгээд ч өглөө эрт агаар сийрэг байхад хүний бүтээмж өндөр, ард бүхэл бүтэн өдөр байгаа гэж бодохоос сэтгэл өег байдаг. Завгүй байж, өөрийн гараар бүтээсэн бүхэн урам сэргээдэг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эвлэлийн ажил, Химийн төв лабораторийн дарга, нийгмийн асуудал хариуцсан захирал, орон сууцны төсөл хөтөлбөрийн зохицуулагч, ахмадын ахлагчаар ажиллалаа. Ерөөсөө л бусдын төлөө зүтгэх хувь төөрөгтэй төрсөн юм шиг санагддаг. Эвлэлийн гишүүд, илгээлтийн эздийг бүртгэж суусан нөхөр, тэднийгээ мэргэжилтэй болгож сургаад, ажил амьдралд нь дэм болж, орон сууц хувьчлах ажлыг хүртэл хариуцаж явлаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа эрүүл урт наслахад нь чиглүүлээд сууж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн хангамж, үйлчилгээг та хэрхэн үнэлж дүгнэх вэ?

-Энэ буянлаг ажлын суурийг тавилцаж, эхний дөрвөн удаагийн “Хамтын гэрээ”-ний зохиогч болохын хувьд Эрдэнэт үйлдвэрийн хангамж үйлчилгээг хамгийн оновчтой, зөв, хөөсгүй гэж хэлнэ.

-Ажлыг илүү сайн хийхийн тулд өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач?

-Би удирдах ажилтны дадлага туршлагын хувьд удирдах алба хашиж байгаа дүү нартаа нэг л зүйлийг захина. Өөрөө төгс мэдэхгүй, төгс хийж үзүүлж чадахгүй зүйлээ бусдаас хэзээ ч битгий шаардаж бай. Ажилтныхаа түшиж тулах аав нь, ээж нь, ах нь, дүү нь байж чадвал тэдний итгэл, хүндлэлийг хүлээх болно. Зөвхөн түүн дээр тогтсон эвсэг хамт олон л хөдөлмөр тэмцлийн зөв ялалт байдаг юм шүү.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хийж чадах бүхнээ зориулж, барьж босголцсон тэр л үйлдвэр минь бидний нэг насны бахархал. Ямар ч тохиолдолд түүнийхээ төлөө насан эцэс болтлоо тэмцэх болно. Өөр итгэл үнэмшил гэж үгүй.

-Залуу үеийнхэнд хандан таны хэлэх зөвлөгөө?

-Эрхэлж байгаа ажил чинь чамайг ардын дууны аялгуу шиг, айзам найргийн мөрүүд шиг баяр баясал, эрэл хайгуулд хөтөлж, өдрийн бодол шөнийн зүүдийг чинь эзэмдэж, ажилд явахдаа хөөрч, ажлаас ирэхдээ гэрэл гэгээ цацруулж байвал та гэр бүлээрээ аз жаргалтай байж чадна аа. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж сураарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.