Г.Занданшатар: Монголд анх удаа зээл тэглэх ажлыг амжилттай хийлээ
Үйл явдал
/
2020-02-19

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн хүүг тэглэх болон Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Шинэ оны өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргаж, тэтгэврийн зээлийг 6 сая хүртэлх төгрөгийг нэг удаа тэглэхээр болсон. Шийдвэртэй холбоотойгоор УИХ-аас тусгайлан хууль баталсан байгаа. Банкны системийн зээлийн багц дотор тэтгэврийн зээл багагүй хувь хэмжээг эзэлдэг. Зарим банкны зээлийн багцийн 10 орчим хувьд тэтгэврийн зээл гэдэг тусгайлсан бүтээгдэхүүн байдаг.

Тэтгэврийн зээлийг тэглэх хууль гарсантай холбогдуулан Монголбанкнаас арилжааны банкуудын цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх замаар шийдэх шийдлийг гаргаж, зохицуулалтын болон хууль эрх зүйн зөвлөгөөг өгөөд явж байна. Энэ хүрээнд тэтгэврийн зээлийн багцыг "Эрдэнэс Монгол" компаниас гаргах бондоор солиход хууль, эрх зүйн хувьд яаж зөв солигдох уу. Зээл гэдэг бүтээгдэхүүн бондоор солигдоход хүүгийн зөрүү, ирдээдүйд учирч болох алдагдал ямар байх вэ гээд бүхий л тооцоо, судалгааг нь хамт хийлцэж байна. Энэ асуудлаар үндсэндээ шийдэлд хүрч байгаа.

"Эрдэнэс Монгол" компаниас гаргах 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бонд тэтгэврийн зээлээр солигдоход бүртгэлийнхээ талаас ямар бичилтүүд хийх. Ашиг, алдагдлын зөрүү гарахад яаж явах уу. Монголбанкны зохистой харьцааны хязгаарлалтууд байдаг. Энэ хязгаарлалтуудад яаж нийцлүүлэх үү гэдгийг ярилцаж, нийцтэй байдлаар шийдэл олсон. Тиймээс бонд гараад, банкны баланс дээр байгаа зээлээр солигдохоор боллоо. Мөн тэтгэврийн зээлийг он гарснаас хойш олголгүй зогсоосон байсан. Бонд гарснаас хойш тэтгэврийн зээлийг хэвээр олгох уу, үгүй юу гэдэг зарчмын шийдлээ гаргах ёстой. Олон улсын практикт тэтгэврийн зээлийг хориглосон заалтууд байдаг. Манайх болохоор хуулиндаа 6 сар хүртэлх хугацаагаар олгож болно гээд заачихсан байгаа. Аль болохоор тэтгэврийн зээлийг хязгаартай олгох нь байна.

Монголбанкны зүгээс тэтгэврийн зээл хэлбэрээр биш урьдчилгаа байдлаар, 3 сарын хугацаатай олгож болно. Хүүгүй, зөвхөн шимтгэл авах байдлаар олгож болно гэсэн байр суурьтай байгаа" хэмээлээ.

Тэгвэл ХААН болон Төрийн банкны төлөөлөл нэгдүгээр сарын тэтгэврийн зээлэнд суутгасан мөнгөө хоёрдугаар сард ахмадуудад нэмж өгсөн. Хоёрдугаар сарын тэтгэврийг бүрэн олгосон. Төр засгаас гаргасан шийдвэр, хууль дүрмийг мөрдөж ажиллаж байгаагаар илэрхийллээ. Мөн цаашид ямар нэг асуудалгүйгээр тэтгэврийн зээлтэй холбоотой мөнгө төгрөгийг төр барагдуулж ажиллана гэдэг итгэж байгаагаа ч хэлсэн юм.

Тэгвэл "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүү "Манай компани 100 хувь төрийн өмчит. Стартегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувийг эзэмшиж, үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулах, тодорхой орлогыг бий болгох үүрэгтэй компани. 2019 он бол "Эрдэнэс Монгол" компанийн хувьд онцлогтой жил байлаа. Ураны асуудал эрхэлсэн "Мон-Атом" компани 100 хувь "Эрдэнэс Монгол"-ын охин компани болсон. Мөн Салхитын мөнгөний орд, Багануурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлүүд ч манайд ирсэн. Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой "Эрдэнэс" бонд гаргах ажлыг бид богино хугацаанд хийлээ. Бондыг гаргасан. Одоо арилжааны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээг хийснээр, 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл бүрэн тэглэгдэнэ.

Харин тэтгэврийн зээл аваагүй 190 гаруй мянган хүнд олгох 2021 оны тавдугаар сард мөнгөжих бонд ч гэсэн "Эрдэнэс" бондтой хамт гарч байгаа. Коронавирусийн хязгаарлалтад дууссаны дараа бондыг нь олгоно. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээг арилжааны банкуудтай байгуулна" хэмээлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ. Энэ ажлыг хариуцсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Энэ нүсэр ажлыг амжилттай дуусгаж чадлаа. Монголд анх удаа зээл тэглэх ажлыг хийж байгаа юм. Хууль, эрх зүй, санхүүгийн талаасаа маш их тооцоо судалгаа, яриа хэлцэл шаардсан нүсэр ажил байлаа. Өнөөдөр жижиг сажиг бүх асуудлыг үндсэндээ тохирлоо. Сар шинийн өмнө асуудлыг нэг тийш нь болгож чадлаа.

Тэтгэврийн зээлтэй хүмүүс нэг, хоёрдугаар сарын тэтгэврээ аваад явж байгаа. Арилжааны банкуудын жигнэсэн дундаж хүү 13 хувьтай байсан. Үүнийг 6 хувийн хүүтэй бондоор сольж байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудад энэ мэдээж ашигтай биш. Гэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, арилжааны банкууд тэг ашигтайгаар ахмадуудын тэтгэврийг тэглэж байгаад баяртай байна" гэдгээ хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.224.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.