Б.Алдар: Коронавирусийн эсрэг өөрийн чадах зүйлээрээ ТУС БОЛЪЁ гэж шийдсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-03

Дэлхийн 60 гаруй улсыг хамран тархаад буй ковид-19 халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газар, иргэн бүр хариуцлагатай сайж ажиллаж, бидний хичээл зүтгэл дэлхийд үлгэр жишээ болж байна.

Улс даяар онцгой нөхцөл зарлаж, эмнэлэг, цагдаа онцгой, мэргэжлийн хяналт, төр захиргааны байгууллагууд бүгд бэлэн байдалд шилжиж аюулт өвчнөөс иргэдийгээ хамгаалах үйлсэд оройлон зүтгэж “галын шугаманд ажиллаж” байна. Иргэд, аж ахуй нэгжүүд ч хандив тусламж өргөж, нийтийн эрүүл энхийн төлөө сэтгэлээ нэгтгэж байна. Далайд дусал нэмэр гэж. Иргэн бүрий өргөж буй хандив тусламжийг их бага гэж голох аргагүй билээ.

Үүний нэг жишээ бол Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхурангийн эцсийн буудалд байрлах жижигхэн “дугуй засвар”-ын газар юм.

Иргэн Б.Алдар жилийн өмнө дээрх засварын газраа байгуулжээ. Харин иргэн бүрээс хариуцлага шаардсан энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамгийн түрүүнд оролцож байгаа Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын унаж байгаа тээврийн хэрэгслийн дугуйг үнэ төлбөргүй, түргэн шуурхай засаж үйлчлэх уриалга гаргасан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Уг засварын газрын эзэн Б.Алдартай цөөн хором ярилцлаа.

Танд өглөөний мэнд хүргэе. Ажилдаа гарах гэж байна уу?

Баярлалаа. Цас орсон, хальтиргаа гулгаа ихтэй байна. Ажилдаа гарах гээд л байж байна. Хүмүүс ирээд дугуйгаа засуулъя гэхэд нь бид бэлэн байх ёстой.

Хагарсан /цоорсон/ дугуйг засаж, наахад хэдэн төгрөг байдаг вэ?

Цоорхойг нь нөхөхөд 3000 төгрөг. Зүгээр дугуй солих, хийлэх үйлчилгээ нь 2500 төгрөг.

Үйлчлүүлэгчид ихтэй байна уу?

Өдөртөө үйлчилгээ авах гэсэн жолооч нар тасардаггүй юм.

“Коронагийн эсрэг”аян зарласан тань олны анхаарлыг ихэд татаж, сошиалаар магтаж байна. Энэ санаа хэрхэн төрөв. Зарим нь марктинг гэж харж байна?

Марктинг ч юу байхад. Иргэний үүргээ биелүүлж, онцгой, түргэн, цагдаагийн машинуудын дугуйг үнэгүй засаж өгье л гэж бодсон. Энэ өвчний эсрэг иргэн бүр чадах зүйлээрээ тэмцэж байна шүү дээ. Би ч гэсэн өөрийнхөө хийж чадаж байгаа зүйлээрээ тус болъё гэж л бодсон юм. Сошиалаар нэлээд түгсэн байна лээ. Аль болох олон хүнд хүрвэл сайн биз дээ /инээв/

Танай зарын дагуу үйлчилгээ авсан тусгай албаны машин хэр их байна вэ?

Нэлээн хэд ирсэн. Шүүхийн шинжилгээний гурван машин ирсэн. Өөр дүүргийн цагдаагийн газрын машин  танайхыг зориод ирлээ гэж байсан. Нарийн тоо гаргаагүй. Ажлынхаа хажуугаар хийж тусламжийн үйлчилгээ учраас тоолоод ч яах билээ.

Хэдүүлээ ажилладаг вэ?

Хоёулаа.

Байгуулагдаад удаж байна уу?

Жил гаран болж байна гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.