Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг бууруулна. Арилжааны банкууд ч бас ЗЭЭЛ, ХҮҮГЭЭ бууруулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-07

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсон, үүрэг чиглэл өглөө.

Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм. Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна. ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэрийг гаргасан.

Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.

Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Монгол Улсын Төвбанкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байсан. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авалт хийсэн бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан.  Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

-Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.