Батсүмбэрийн асрамжийн төвийн ахмадууд тэтгэврээсээ 5.2 сая төгрөг хандивлажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-07

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинд дэгдээд буй  шинэ коронавирус covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, өөрсдийн халуун сэтгэлийн хандиваа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус төвийн 170 ахмад хандивын аянд нэгдэж, нийт 5,2 сая төгрөгийг цуглуулсан байна.

Ахмадуудын чин сэтгэлийн хандивыг Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү,ахмад настан Н.Гомбо,Д.Оргодол,Ц.Солонго нар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулж, тус төвийн асруулагчид аюулт вирусээс хамгаалах зөвлөмж зөвлөгөөг сайтар биелүүлж буйг дуулган ард олныхоо эрүүл аюулгүй амьдралын төлөө цаг наргүй зүтгэж буй бүх хүнд амжилт хүссэнийг дамжуулсан юм.

Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төв 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр байгуулагдаж, 2013 оныг хүртэл Улсын асрамжийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны наймдугаар  сарын 24-ний 55 тоот тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа Ахмад настны үндэсний төв болон өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын  сайдын 2016 оны А/154 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу таван алба, нийт 92 ажилтантай төрөлжсөн асрамж болон амралт, нөхөн сэргээх сувилал гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.