БЗД-ийн 23-р хорооны иргэд Коронавирусийн эсрэг НЭГ САЯ төгрөг хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-10

Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй төр засгийнхаа энэ шийдвэрийг иргэд  ч сайн биелүүлж, хариуцлагатай хандахаас гадна сэтгэл санааны дэмжлэг, эд мөнгөний хандивыг тус тусын онцгой комисст өгч, монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэлээ зориулсаар байна. Шинийн 15-ний билэгт сайн өдөр Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэдийн зүгээс Нийслэлийн онцгой комисст нэг сая төгрөгийн хандив өглөө.

Хандивыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд БЗД-ийн 23-р хорооны иргэдийн төлөөлөл Б.Ганзориг, н.Оюун, н.Наранцэцэг нар гардууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Монголчуудынхаа төлөө, тэр дундаа нийслэлчүүдийнхээ төлөө сэтгэл гаргаж, бидний ажлыг дэмжиж хандив тусламж өргөж байгаа та бүхэнд баярлалаа. Нийслэл хот бол худалдаа үйлчилгээ, аялал, амралт, ажлын хамгийн идэвхтэй цөм бүс учраас ковид-19 халдвар тархах боломжтой хамгийн эрсдэлтэй бүс. Хэдий тийм ч төр Засаг, нийслэлийн хэмжээнд сонор сэрэмжтэй байж, халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, цаг наргүй ажиллаж байна. Бид бүхний ажлыг ойлгож, ухамсарлаж, бусаддаа зөв үлгэрлэл үзүүлж байгаа танай хорооны иргэдэд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Эрүүл мэндийн яам болон бусад албаны байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг үнэн зөвөөр хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж, амны хаалт хэрэглэж, гараа тогтомол угааж, олон хүнтэй газраар битгий яваарай гэж уриалъя” гэлээ.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос үүсэлтэй уушгины шинэ төрлийн хатгалгаа буюу ДЭМБ-ын нэршлээр Ковид-19 халдвар дэлхийн 100 гаруй улсад хурдацтай тархаж 3800 гаруй иргэн энэ халдвараас үүдэлтэйгээр амь насаа алдаад байна.

Азаар Монгол улсад нэг ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэл, дүүрэг, аймаг сумдын онцгой комиссийнхон сайн ажиллаж, хүн ардаа аюулт тахал өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг шат шатандаа авч хэрэгжүүлж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилээ хааж, хориг арга хэмжээг авч байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.45.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.