С.Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ ТӨРИЙН НУУЦ, намын нууц задруулсан учраас ШАЛГУУЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-10

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Засгийн газраас төрийн албан хаагчдыг алагчилж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргаж байна. Мөн УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд тайлбар өгөх асуудлаар энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. 

Нэгдүгээрт, Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж, төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэр гаргалаа. Тиймээс АН-аас мэдэгдэл гаргасан. 

Цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэл, үүргийн худалдаа эрхэлж байгаа 250-иад мянган иргэн ажлын байргүй болох аюул нүүрлээд байна. Эдийн засгийн хүндрэл үүсэх аюул ойрхон байна. Гэвч Засгийн газар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа.
АН-ын зүгээс төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэрээ цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна. 

Хоёрдугаарт, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь нэн онцгой нөхцөлд, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх тухай хуулийн төсөл юм.  

Өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна.  Өмнө нь УИХ дээр танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулж байсан. Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлж байгаагаар 1 тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа юм байна. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байгаа учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв гэж харж байгаа юм. 

Хоёрдугаарт: АН-тай холбоотой төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуулийн байгуулага шалгах тохиолдол нэлээн байгаа. Тодорхой нотлох баримтгүйгээр, хоморголосон байдаар, АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дээр хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарч ажиллахыг шаардаж байгаа.  Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд АН-аас түдгэлзээд түүнээс хойш гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа.  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийг олж ир” гэж ярьсан. Эрх барьж байгаа юм бол өөрсдөө олж ир. Эрх барьж байгаа намд бүх эрх мэдэл нь байгаа. Төрийн чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгаа юм.  Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой.  Бид гишүүдээ урьдчилгаа татвар авсан. Энэ бол намын дотоод асуудал. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.  Ц.Элбэгдоржийн хүү, Батбаярын охин ч юм уу хэн нэгэн хүн татвар төлсөн нь намын дотоод асуудал. Гэтэл манай намд нэг нэгэн хүн 100 сая төгрөг нэр төлөөд, нэр дэвших гэж байгаа асуудлыг хаа хамаагүй ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ. 

Нэг л зүйлийг тодорхой хэлье. Дээр дурдсан хүмүүсээс хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Хурц гэдэг хүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг хуулийн байгууллагад шалгуулна. Тэр хүн манай намыг харлуулах гэж ядахдаа мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон зүйл ярьсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж мөрдөн байцаалтын нууц задлаад сууж байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах ёстой. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.27.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.