Аймгийн онцгой комиссын 9 дэх удаагийн хуралдаан боллоо
Үйл явдал
/
2020-03-11

ДЭМБ-аас ирүүлсэн мэдээгээр Монгол улс COVID-19 вирусийн халдвар гарах эрсдлээр “маш өндөр” орны тоонд ороод байна.

Иймээс аймгийн Онцгой комисс өнөөдөр 9 дэх удаагийн хуралдаанаа зохион байгуулж зарим нэг шийдвэрийг гаргалаа. Энэ удаагийн хуралдаанаар Улсын онцгой комиссын 9 дүгээр хуралдаанаас гарсан архи согтууруулах ундааг худалдан борлуулах, бар ресторануудын үйл ажиллагааг хориглох, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг аймаг орон нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн сэжигтэй тохиолдолд иргэдийг тусгаарлах, ажиглах, COVID-19 вирусийн халдвар илэрсэн үед өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх 1 дугаар эрэмбийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, цаашид тусгаарлах байраар ашиглаж болох нөөц байрууд болон түүнд ажиллах, эмч эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдлыг хангах, зайлшгүй тохиодолд дайчлах, үүнтэй холбоотойгоор зарим нэгэн гарах санхүүгийн зардлын тооцоог урьдчилсан байлаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Одоогийн байдлаар COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комисст байгууллага, ААН, иргэдээс 172 сая төгрөг болон амны хаалт, дархлаажуулалт дэмжих бэлдмэл, гар ариутгагч, хамгаалалтын ажлын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг 8800 гаруй эд зүйлс төвлөрөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ бүх зүйлс ОБГ-т бүрэн хадгалагдаж байна.

Энэ хөрөнгө мөнгө, эд зүйлсийг ажлын хэсэг томилон шаардлагатай байгаа ажлуудыг эрэмбэлж иргэдийн хандивыг зүй зохистойгоор зарцуулах талаар ярилцлаа. Тухайлбал, вирусийн халдварт өвчин илэрсэн тохиолдолд БОЭТ-ийн Халдвартын тасагт халдвартай өвчтөнүүдийн голомтод орж ажиллах эмч, сувилагч нарыг тусгаарлах, түр амрах байрыг бэлтгэх, засварлахад зориулж 17 сая төгрөгийг хандиваар цугларсан хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.117.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.