Цутгуурын цехийн өргөтгөлийн ажилд хүлээгдэл үүсэж болзошгүй 
Үйл явдал
/
2020-03-13

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан техник технологийн шинэчлэлийн хүрээнд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийг иж бүрэн шинэчлэн, өргөтгөж буй. Өнгөрсөн оны 11 сард эхэлсэн уг өргөтгөл шинэчлэлийн ажлыг ирэх 5 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Ажлын гүйцэтгэл болон явц байдлын талаар Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнгээс тодруулахад, “Засвар механикийн заводын шинэ оны үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Энэ оны 5 дугаар сар хүртэл заводын хэмжээнд механик боловсруулалтын үйлдвэрлэл ажиллана.

Учир нь цутгуурын цехэд хийгдэж буй өргөтгөлтэй холбоотойгоор бусад үйлдвэрлэл түр зогсоод байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар, цутгуурын цехийн өргөтгөлийн угсралт 90 гаруй хувьтай байна.

Тоног төхөөрөмжийн угсралт дуусах шатандаа орсон гэсэн үг. Усны болон хийн, хийн тээврийн шугам зэрэг дэд бүтцийн холболтууд хийгдэж байна. Цахилгааны угсралтын ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо уг өргөтгөл, шинэчлэлийн ажилд хамтарч буй Германы F.A.T компанийн мэргэжилтнүүдтэй хийх тохируулга, программ хангамжийн ажлууд үлдэж байгаа.

Бид цутгуурын цехийн өргөтгөлийг гүйцэтгэл, явц байдлаас харахад, төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах боломжтой ч дэлхий нийтэд тархаад буй коронавирусын халдвараас сэргийлж, хил гаальд хорио цээр тогтоосонтой холбогдуулан Германы мэргэжилтнүүдийн ирэх тов хойшлогдож болзошгүй. Энэ талаар холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж, албан тоот илгээхээр ярилцаж, өөр боломжит арга замыг судалж байна. Хэрэв өргөтгөлийн ажил хүлээгдэлгүйгээр хэвийн үргэлжилбэл цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл төлөвлөсөн хугацаандаа дуусаж, ашиглалтад хүлээн авна” гэв.

 

М.Балжинням

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.