Аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2020-03-13

Аймгийн Онцгой комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагуудад өдөрт 2 удаа тогтмол мэдээлэл өгч байна. Өнөөдөр /2020.03.12/ дараах мэдээллийг хийлээ.


Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг:

Орхон аймагт вирусийн сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байхгүй. Харин ойрын хавьтлуудын дам хавьтлууд болох 12 хүн байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй. ХӨСҮТ-д шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Өнөө орой /2020.03.12/ урьдчилсан байдлаар хариу ирнэ гэв.



ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал:

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүнсний гол нэрийн барааны үнэ, хангалтыг судалж байна. Ажлын хэсэг 3 хэсэгт шалгалт зохион байгуулсан. Гол нэрийн бүтээгдэхүүн 250-2000 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Худалдаа эрхлэгчид борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг тавихгүй байх зөрчлүүд бүртгэгдлээ. Ингэснээр жижиглэнгийн үнийг нэмж зарсан байна гэж үзсэн.

Иймд аймгийн МХГ-аас холбогдох иргэн, байгууллагуудад арга хэмжээ авахаар боллоо. Мөн НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд үнэ нэмсэн тухай иргэдээс ирсэн гомдлыг Татварын хэлтэст шилжүүлж шийдвэрлэхээр боллоо. Шалгалт цаашид үргэлжилнэ гэлээ.


Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт олон иргэн утсаар болон нийгмийн сүлжээгээр гомдол гаргаж байгаа боловч нотлох баримт хангалтгүй байгааг мэдээлэл хийх үеэр онцолж байлаа. Иймд иргэд гомдол гаргахдаа үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүний нэр төрөл, савлагааны хэмжээ, дэлгүүр, лангууны байршил зэргийг тодорхой мэдээлэх хэрэгтэй юм. Орхон аймагт хүнс болон эм эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бөгөөд 3-р сарын 15-аас нөөцийн мах худалдаанд гарна. Иймд хотын хэмжээнд хүнсний хомсдол үүсэх асуудал гарахгүйг мэргэжлийн байгууллагууд мэдээлж буй.

Түүнчлэн хөл хорионы улмаас Эрдэнэт хотод саатсан иргэдээс хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг өнөөдрөөс гаргаж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.