Ажилчдын автобусанд Спорт ордон, Соёл, урлагийн цогцолборын ажилтнууд хүч нэмэн ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-14

Шинэ төрлийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон талын арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Үүний хүрээнд өнөөдөр “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 058 дугаар ангийн удирдлага хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.

Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарг Б.Бат-Эрдэн “Эрдэнэт үйлдвэрийн бүх автобусанд ажилчдын биеийн халуун хэмжих үйл ажиллагаа явуулж байна. Уг ажлыг манай “Эрдэнэт” сувиллын цогцолбор, үйлдвэрийн Онцгой байдлын алба хамтран хийж эхэлсэн.

Ажилчдыг өглөө, оройн ээлжинд нийт 30 автобус тээвэрлэдэг бөгөөд тэдгээр тус бүрд нэг эмч, онцгой байдлын нэг албан хаагч ажиллаж байна. Мөн өчигдрөөс эхлэн үйлдвэрийн Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолборын 11 ажилтныг хүч нэмэгдүүлэн ажиллуулж эхэллээ. Бүх ажилчдыг халуун хэмжих, урьдчилан сэргийлэх зөвлөмжид хамруулах тул үүнд хүн хүч шаардлагатай байсныг ингэж зохицуулсан” гэв.

Мөн Орхон аймгийн Онцгой комисс болон Эрдэнэт үйлдвэрийн Онцгой штабын шийдвэрийн дагуу “Эрдэнэт” сувиллын цогцолборт ажиглах байр гарган, одоогоор 11 хүнийг байрлуулан ажиглалт хийж байгаа юм байна. Тус сувиллын ажиглах байранд 120 хүртэл хүн хүлээн авах боломжтой бөгөөд энд 30 эмч, ажилтан халдвар хамгаалалтын өндөр түвшинд ажиллаж байгаа аж.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.