391.6 сая төгрөгийн хандив цугласныг Хятадын Элчин сайдад гардуулж өглөө
Үйл явдал
/
2020-03-14

Монгол Улсын Засгийн газраас "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аяныг хоёрдугаар сарын 18-ны өдөр зарлаж, хандивын данс нээснийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийтдээ 391.6 сая төгрөгийн хандив цугларсныг өнөөдөр Гадаад харилцааны яаманд Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулж өглөө.

Хандив гардуулах ёслолын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирусийн халдварын эсрэг далайцтай, нөр их тэмцэл өрнүүлсний үр дүнд шинээр өвчилж байгаа болон нас барсан хүний тоо эрс буурсан. Өвчлөлийн байдлыг богино хугацаанд хяналтад авч, ялж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулж байна. Хятад улсын хүнд үед Монгол Улс, Монголын ард түмэн үргэлж хамт байсныг энд бас дурьдая.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Монголын ард түмнийг төлөөлж мөнхийн хөрш Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлсэн. Нөгөөтэйгүүр манай хоёр орны харилцаа дэлхий дахинд үлгэр жишээ болсныг харуулсан гэж үзэж байгаа. Монголд короанвирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнд харамсалтай байна. Гэвч бид энэ өвчлөлийг хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын төлөө тэмцэж байгаа.

Өвчний байдлаас шалтгаалж хоёр талын хамтын ажиллагааны төслүүд зогсч, экспортын орлого мэдэгдэхүйц буурч, улсын төсвийн орлогын буурах магадлал ажиглагдаад байна. Гэвч өвчний байдал намжсаны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтын хүчээр шийдвэрлэх боломж бий гэж найдаж байгаа. Бид БНХАУ-д дэгдээд байгаа коронавирусийн халдвартай тэмцэж буйд дэмжлэг болох зорилгоор "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Монголын ард түмэн, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа нэгдсэн. Аянаас цугларсан мөнгийг өнөөдөр гардуулж өгч байна. Далайд дусал нэмэр болох болтугай" хэмээлээ.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандив өргөсөн бүх иргэддээ баярласнаа илэрхийлсэн юм. 188 иргэн, 43 аж ахуйн нэгж 391 сая төгрөгийн хандив өгснийг гардуулж өглөө. "Эрдэнэт" үйлдвэр банкны гүйлгээ хааснаас хойш хандив өргөсөн учраас түүнээс өмнө цугларсан мөнгийг гардуулж байгаагаа тэрбээр хэллээ.

Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монгол Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаагаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа. Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм. Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье" хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.