Цахимаар хичээл заах нь багш нарт “Цахим мэдээллийн сан” бүрдүүлэх боломж өгч байна 
Үйл явдал
/
2020-03-14

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны болон Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрүүд, БСШУС-ын сайдын гуравдугаар сарын хоёрны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирлын “Цахим сургалтыг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах тухай тушаал тус сургуульд хэрэгжиж байна. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүх түвшний сургалт, хичээлийн материалыг цахимаар байршуулан, оюутан сурагчдад боломжит бүх хэлбэрээр хүргэх чиглэлийг гуравдугаар сарын 02-оос 30 -ны өдрийг хүртэл баримтлан ажиллаж байна.

Бүх түвшний хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр хүргэхэд гарч буй давуу тал болон хүндрэл бэрхшээлийн талаар тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчукаас тодруулахад, “Манай багш нар Google Classroom системийг ашиглан гэрээсээ сургалтын материалыг цахимаар байршуулан, оюутан, суралцагчдад хүргэж, хэрхэн судлах талаар заавар, зөвлөгөө тогтмол өгч ажиллаж байна. Цахим хичээлийн хуваарийн дагуу хэдэн цахим хичээл оруулсан, тухайн хичээлд хэдэн оюутан хандалт хийснийг хичээл зохицуулагчид программ дээр хянаж байна.

Хичээлийг хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан, хичээл чанартай явж байгаа эсэхэд тэнхимийн эрхлэгчид мэргэжлийн зүгээс хяналт тавьж байна. Бид 7 хоног тутам багш, оюутнуудаас цахим хичээлтэй холбоотой ойлгомжгүй зүйл, хүндрэл гарч буй эсэх талаар санал гомдол, хүсэлтийг нь Оюутны холбоо хариуцсан багш, тэнхимийн эрхлэгч нараар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна.

Багш нар маань Classroom систем ашиглан лекц, семинарыг файл хэлбэрээр оруулахын зэрэгцээ 15 минутад багтаасан видео хэлбэрээр хичээлээ зааж, 24 цагийн турш оюутнуудтай цахимаар холбогдож, ажиллаж байна. Ирэх 7 хоногт, Сургалтын албаны ажилтнуудаас гэрээсээ ажиллах боломжтой ажилтнуудыг онлайнаар ажиллуулна. Цахимаар хичээл явуулах нь олон боломж өгч байгааг хэлмээр байна. Хамгийн түрүүнд, багш нар цахим хичээл бэлдэж сурч байна, цахим хичээлийн мэдээллийн сан бүрдүүлэх боломж өгч байна. Бид, багш нарын цахим хичээлийн сан үүсгээд, бүх хичээлийн цахим бүрдүүлэлт хийж эхэлсэн.

Мөн хичээлийн чанарт анхаарах, идэвхжүүлэх зорилгоор энэ улирлын турш шилдэг Цахим хичээлийн уралдааныг багш нарын дунд зарлаад байна. Ингэснээр, магистр, бакалавр, мэргэжлийн сургалт, лицей анги гээд бүх чиглэлээр хичээлийн хөтөлбөрөө бэлтгэх, сан бүрдүүлэх, шилдэг багш нараа шалгаруулах гээд олон давуу тал, боломж бий болж байна” гэж онцлов.

Цахим хичээлийн хөтөлбөрт тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй бакалаврын ангийн 477 оюутан, мэргэжлийн сургалтын нэг жилийн ангийн 25 суралцагч, лицейн 76 сурагч хамрагдаж байгаа аж. Лицей ангид математик, физик, хими, англи хэлний гүнзгийрүүлсэн хичээлүүдээ нэмэлт цахим хэлбэрээр зааж байгаа юм байна. Хичээл бүрийн ирц болон хичээл авсан бүртгэлийг багш нар цаг тухайд нь гаргаж буй бол багш нарт хичээл зохицуулагч нар хяналт тавьж ажиллаж байгааг тус сургуулийн албаны хүн хэллээ.

М.Балжинням

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.20.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.