Увс аймгийн Давст сумын "ШҮДЭН УУЛ" давсны уурхайд иргэний дээгүүр авто машин гарсан НОЦТОЙ ОСОЛ гарчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-17

Увс аймгийн Давст сумын давсны уурхайд ноцтой осол гарчээ.  Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Увс аймгийн Давст сумын нутагт байрлах “Шүдэн уул” гэх нэртэй давсны уурхайд хулгайн замаар давс олборлох гэж явсан иргэд нэгнийгээ авто машинаар дайрч, хүнд бэртээжээ. 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Увс аймгийн тамгын газрын жолооч, архив, бичиг хэргийн ажилтны машиныг хэрэглэн Давс суманд ирж улмаар тус сумын хоёр иргэнтэй хамт уурхайд очсон бөгөөд нэг иргэн нь тухайн автомашиныг гэмтлийг засахаар машин доогуур орсон байх үед нэг нь хөдөлгөж, дайрсан байж. Тэд дуудлага өгөхдөө “Давсанд хүн дарагдлаа, яаралтай тусламж үзүүлнэ үү” гэсэн аж. Энэ дагуу Давст сумын эмнэлэгийн алба хаагчид түргэний машинтай очиж, тухайн бэртсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна. Уг бэртсэн иргэн нь одоогоор ухаан ороогүй бөгөөд аймгийн эмнэлэгт шилжсэн байна. Осол гарсантай холбоотойгоор аймгийн цагдаагийн байгууллага хэргийг хянаж байгаа хэдий орон нутгийн хэвлэлд мэдээлэл өгөхгүй, тийм зүйл болоогүй, хүн хөнгөн бэртсэн гэх зэргээр бусдын буруутай үйлдлийг нууцалж, хэргийг нуун дарагдуулахаар оролдсон гэдгийг тодотголоо.

Гарсан осолтой холбоотойгоор Давст сумын цагдаа Ц.Баяртай холбогдоход тэрбээр “12-ний өглөөний 7 цагийн үед ийм осол гарсан юм билээ. УОК-ийн шийдвэрийн дагуу бүх сум суурин газарт пост гарч, өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа. Яг тэр үед би постонд жижүүртэй байсан. Өчигдөр аймгийн цагдаагийн газраас ирээд шалгалт, хэрэг бүртгэлт хийгээд явсан. Бүх аж ахуй нэгжийг үйл ажиллагаа зогссон байгаа ч иргэд хулгайгаар давсны уурхай руу явах тохиолдол их байна. Уурхай руу явдаг замыг хаагаагүй. Аймгийн төв рүү явдаг зам нэг чигийн урсгалтай тул орж гарах бүх хөдөлдгөөн нээлттэй. Бэртсэн иргэнийг аймгийн төв рүү шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.

“Шүдэн уул” давсны уурхай жамц давсны нөөц ихтэй уурхай бөгөөд Давст сумаас хойш 37 км зайд оршдог аж. Уг уурхайд 108 суварга компани олборлолт явуулдаг бөгөөд УОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа аж. Харин ил уурхайд нутгийн иргэд нэвтэрч, гар аргаар давс олборлож, мөнгө олдог гэдгийг Давст сумын цагдаа болон мэдээлэл дамжуулсан эх сурвалж хэлсэн юм. Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу улс даяар хөл хорио тогтоож, төрийн байгууллагаас бусад бүх аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Тэгсэн ч иргэд төр засгийн эл шийдвэрийг үл биелүүлж, өөрийн амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулж, улмаар онцгой комиссийн алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдлууд гарсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.