Халдварт өвчний үед ашиг олж буй салбарууд
Үйл явдал
/
2020-03-17

Дэлхийн олон оронд гарч, эдийн засаг, бизнес, эрүүл мэнд, боловсрол гээд бүх л салбарт нөлөөлж буй шинэ төрлийн коронавирусийн улмаас үнэт цаас, түүхий эдийн ханш савлаж, үйлдвэрлэл, тээвэр зэрэг олон салбар алдагдал хүлээж байна. Гэхдээ халдварт өвчний үеэр бүгд хохирч буй юм биш. Коронавирусийн халдвараас үүдсэн нөхцөл байдалд ашиг олж буй салбар, бизнесүүдийг онцолж байна.

 

Эмийн үйлдвэрлэл

Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, энэ төрлийн бизнес зөвхөн коронавирусийн үед ч бус, бусад халдварт өвчний тархалтын үед асар их ашиг олдог. Амны хаалт, ариутгалын бодис, оношлуур, хамгаалалтын хувцас, хэрэглэл, вирусийн гаралтай өвчний эсрэг эм, бэлдмэлийн эрэлт эрс нэмэгдсэнээр үнэ нь өсөж, үүнийг дагасан хөөрөгдөл ч гаардаг. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх дэгдсэн энэ өвчний эсрэг вакцин одоогоор гараагүй байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал энэ үед хамгийн эрэлттэй, үнэ нь өссөн бүтээгдэхүүнүүд бол амны хаалт, ариутгалын бодис, оношлуур, хамгаалалтын хувцас, хэрэглэл болоод байна. Амны хаалтны үнэ ердийнхөөс дунджаар 4-8 дахин өссөн гэж ажиглагчид онцолж байгаа билээ. Эмнэлгийн хувцас хэрэглэл, ариутгалын бодис үйлдвэрлэгч “Kimberly-Clark” компанийн хувьцаа энэ сард түүхэнд байгаагүйгээр өссөн үзүүлэлттэй байгаа нь үүний баталгаа.

Түүнээс гадна халдвар тархсан бүс нутагт байгаа өвчтэй хүмүүст ихэвчлэн уушгины үрэвслийн шинж тэмдгийг бууруулах, арилгах эмчилгээ хийж буй бөгөөд маш олон төрлийн эмийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа юм. Өнгөрсөн сарын дундуур анагаах ухааны "Lancet" сэтгүүлд Хятадын хэсэг эрдэмтдийн бичсэн захидал нийтлэгдсэн бөгөөд тэд халдвар авсан байж болзошгүй өвчтөнүүдэд цусны ерөнхий шинжилгээ хийж, цээжний хөндийн рентген зураг авсны дараа коронавирусийн халдвар авсан эсэхийг тогтоож байв. Өвчтөн халдвар авсан нь тогтоогдвол түүнийг тусгаарлаж, фторхинолонам болон арбидолоор эмчилж болохыг онцолсон. Энэ мэдээлэл гарсны дараа арбидолын худалдаа өсөж, хүний интерферонтой ижил төстэй идэвхтэй бодис агуулсан арбидол болон түүнтэй төстэй эмийн худалдаанд хяналт тавих шийдвэрийг ОХУ зэрэг зарим оронд гаргалаа. Мөн халдварт өвчний үед АНУ, Европ зэрэг орнуудад эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хэрэглэгчид нэмэгдэж, энэ салбарын бизнес тэлэх магадлал өндөр байгаа юм.
Био технологи, эм үйлвэрлэгч компаниудын хувьцааны ханшнаас харвал, ДНХ-д суурилсан вакцин бүтээдэг “Inovio Pharmaceuticals”-ын хувьцааны үнэ энэ сарын 5-ны байдлаар 22.1 хувиар өслөө. Коронавирусийн халдварын үед туршилтаар хэрэглэж буй ремдезивир эмийг үйлдвэрлэгч “Gilead Sciences”-ийн хувьцааны үнэ нэгдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд 28.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй буй. Мөн анагаах ухаан, био технологийн бизнес эрхэлдэг “Health Care/Life Sciences” компанийн хувьцаа 4.3 хувиар өсжээ.

 

Цахим үйлчилгээ

Коронавирусийн халдварын улмаас тогтоосон хөл хорионы үед цахим худалдаа, үйлчилгээ, валют шилжүүлэг, төлбөр тоооцооны эргэлт эрс нэмэгдлээ. Амьдралын бүх л салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж чадсан БНХАУ-ын жишээнээс үүнийг тод харж болно. Технологийн дэвшил, ухаалаг техникт суурилсан харилцаа холбоо, энтертайнмент үйлчилгээ, банк санхүү, даатгалын цахим гүйлгээ, бараа бүтээгдэхүүн захиалга, хүргэлтийн үйлчилгээг дэлхий даяар сонгож байна. Мөн цахим сургалт, хичээлийн үйлчилгээ ч нийтлэг зүйл болж эхэллээ. Ресторан, үзвэр, худалдаа, санхүүгийн үйлчилгээнүүд уламжлалт загвараасаа гарч, цахим хэлбэрт шилжсэний давуу талыг хөл хорионы энэ үед илүү мэдэрч байна. Цахим ном, аудио бүтээлүүд, стрийминг үйлчилгээ, видео тоглоом, боловсрол, мэдлэг олгоход чиглэсэн аппликэйшний борлуулалт өссөөр буй.

 

VIP үйлчилгээ

“Ковид-19” халдварын тархалтын нөхцөлд эрэлт нь нэмэгдэж буй бас нэг бизнес бол өндөр орлоготой иргэдэд зориулсан VIP үйлчилгээ. Тухайлбал, олон оронд агаарын тээврийн үйлчилгээ саатсан энэ үед хувийн онгоц захиалгын эрэлт нэмэгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европоос нислэг хүлээж авахыг хориглосон даруй агаарын тээврийн компаниуд үүссэн нөхцөл байдалд дасан зохицохыг оролдож байна. Харин энэ зуур чинээлэг иргэд онгоц захиалж нисэх нь нэмэгдэж байгааг “Bloomberg” онцолжээ.
Хувийн агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг “PrivateFly” компанийн тэргүүн Адам Твиделлийн хэлж буйгаар ийм олон захиалга хүлээж авсан удаа урьд хожид үгүй аж. Өндөр үнэтэй ч хамгийн хурднаар нэг орноос нөгөөд зорчих арга нь одоогоор энэ болоод байгаа бөгөөд ийм үйлчилгээ нь нислэгийн зай, онгоцны багтаамж зэргээс хамаараад 60 мянган ам.доллароос 100 мянга орчим ам.долларт хэлбэлздэг.

 

 

Хүнс, бас дахин хүнс

Халдварт өвчний улмаас дэлхийн олон оронд хүмүүс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, нөөцөлж байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн зарим оронд нэг иргэнд худалдах ариун цэврийн цаас, хүнсний бүтээгдэхүүний лимит тогтоогоод байгаа юм. Ямар нэгэн гамшиг, халдварт өвчин, дайн самуун зэрэг хямралын үед хүмүүс үймэн сандарч, их хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авах үзэгдэл буюу “Panic buying”-ын улмаас өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүсэж, нөгөө талд энэ салбарын бизнес их хэмжээгээр ашиг олж байна. Тухайлбал, нөөшилсөн шөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Campbell Soup” компанийн хувьцааны үнэ энэ сарын 4-ний өдөр 10 хувиар өссөн нь сүүлийн хорин жилийн турш байгаагүй үзэгдэл гэж “Financial Times” онцолжээ. Мөн “Kroger” сүлжээ дэлгүүрийн хувьцааны үнэ 8.5 хувиар, амны цаас, ариун цэврийн цаас үйлдвэрлэгч “Clorox”-ын хувьцаа 5.2 хувиар өссөнөөс энэ үед ямар төрлийн бизнес хамгийн их ашиг олж байгааг таамаглаж болох нь.

 

Алт

Түүхий эдийн ханш хэлбэлзэж, хөрөнгийн зах зээл савлаж байх зуур алт олборлогч компаниудын хувьцаа эргэн сэргэлээ. Халдварт өвчний улмаас цөөнгүй орон мөнгөний бодлогоо зөөллөснөөр хоёрдугаар сарын сүүлчээр алтны үнэ унаж, алт олборлогч компаниудын хувьцааны үнэ доошлоод байсан юм. Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарснаар бага зэрэг хөөсрөл үүссэн ч алт бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэдэг нь батлагдаж, энэ түүхий эдийн үнэ хурдацтай өсөж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.217.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.