Эх орноосоо АХИЖ БИТГИЙ яваарай....
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-18

Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий

Амар тайван энх мэндийн аялгуутай

Азтай төрсөн хүмүүн бидний бахархал

Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь... Х.Чилаажав...

 

Нэгэн зүйл: Тайван байцгаа... Нэн тэргүүнд хэлэхэд тэднийг битгий БУРУУТГААРАЙ... Таны, чиний, бидний л адил Монгол эх орондоо хүн болж төрөөд, амьдралын эрхээр гадаад далайг гэтэлж, ажил хийж, түр зуур яваад ирсэн. Хамгийн гол нь аавтай, ээжтэй, үр хүүхэдтэй гэдгийг нь бод. Тийм учраас буруутгаж, зүхэх ямар ч шаардлагагүй шүү.

Нэгэн зүйл: Эх орондоо ирсэнд нь тэдэнд баяр хүргэе. Салхи нь хүртэл үнсээд л угтах, сайхан монголдоо тэд ирлээ... Бид ийн дуулдаг шүү дээ. Тэд ч бас дуулсаар ирлээ. Үүнээс сайхан зүйл гэж байна уу... Аав ээждээ үнсүүлэхээсээ өмнө төрсөн эх орныхоо салхинд, Улаанбаатарынхаа утааг үнэрлээд бараг уйлсан байх.

Нэгэн зүйл: Тэд явсан, харин иргэж ирлээ. Монголчууд нэгдэж, цуглаж байна. Үүнээс сайхан зүйл байна гэж үү... Үндсэн хуульд заасны дагуу, гадаад явах, эх орондоо эргэж ирэх эрхтэй. Тэд эрхээ л эдэллээ.  

Нэгэн зүйл: Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэлцдэг. Ямар мэссиж бичиж байгаад хүрээд ирсэн биш. Хариуцлагагүй, хэнэггүйгээсээ л болж вирусийн халдварт өртсөн байх. Одоо ямар ч байсан өнгөрсөн. Түргэн эдгэрнэ, эрүүл болно гэдэг л итгэж, залбирхаас өөр арга үгүй.

Нэгэн зүйл: Монгол эмч нарынхаа ур чадвар, мэдлэгг, туршлага, шинжлэх ухаан хийгээд уламжлалт анагаах ухааны шидэнд итгэ. Дэлхий нийтээрээ л ийм аргаар хэрэгглэж, уг өвчнийг илааршуулж байна. Монголчууд  ч бас анагааж чадна. Эмч нартаа урам өгч, өвчилсөн хүмүүстээ сэтгэлийн дэм өргөх нь чухал.

Нэгэн зүйл: Гадаадаас ирсэн, эсвэл гарахаар сэтгэж буй хүн бүр ядрахын цагт хүлээгээд авах ЭХ ОРОНТОЙ, АХАН ДҮҮСТЭЙ, ТӨР ЗАСАГТАЙ гэдгээ ямагт санаж, хайрлаж байвал зохино. Хүн ядрахаараа УРАГАА, тураг ядрахаараа УУЛАА барааддаг гэж үг буйг сана.

Нэгэн зүйл: Залуучуудаа Амьддаа бие биенээ хайрла. Анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байж, заавар зөвлөгөө, дүрэм журмыг мөрд, сахь. Таны эрхээр бусдын эрх хязгаарлагддаг гэдгийг ямагт санаж, бусдад буруу зүйл хийхгүйг хичээж, ухамсартай бай.

Нэгэн зүйл: Эх орноосоо ахиж битгий яваарай. Хүний нутгаас жаргал ирэхээр өөрийн нутгийг диваажин болго гэж үг буйг ухаар. Битгий хувиа хичээж, довоо шарлуул. Уйлахдаа уйлж, инээхдээ инээгээд, эх орондоо л эрүүл саруул, тоо бүрэн, толгой бүтэн амьдар. Мөнгөний төлөө, жаргалын төлөө харь улсад удаад яах вэ.

Нэгэн зүйл: Задарсан цагтаа орхиж явсан улсын чинь төр ядарсан цагт чинь буцааж авлаа шүү. Баярлаж, төрийнхөө сүлдэнд залбирч яваарай. Даян дэлхийд зартай, туурга тусгаар Монгол улсын иргэн гэдгээрээ омогшиж, тэргүүн өндөр, сэтгэл өөдрөг байгаарай. Ахиж битгий эх орноо орхиж, харьд яваарай.

Нэгэн зүйл: Сүү өргөж, сүүл хөхүүлж, сүүдрийг чинь ариулж, сүнсийг чинь оршоосон ухаант ард түмэндээ баярла. Өвдөж, ядарч, үгүйрч, баяжсан ч уужуу сэтгэлт, ухаант түмэнтэйгээ хоолоо хувааж идээд ЭХ ОРОНДОО сайхан амьдраарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.