“Монгол дайчдын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Үйл явдал
/
2020-03-20

Өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой тохиож байна. Коронавирус /covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэхийн тул олон нийтийн арга хэмжээг хориглосон тул Дорнодчуудаа төлөөлж аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн “Монгол дайчдын хөшөө”-нд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, мөнхийн галыг асаалаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол цэргээрээ бахархах ёстой өдөр. Учир нь бидний амьдарч буй газар нутаг хэр их үнэ цэнээр олдсон гэдгийг мартах учиргүй, одоо ч зоригт хөвгүүд маань дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байна. Иймээс ирээдүй болсон багачуудад цэрэг эх орон ч хүмүүжлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой. Төрийн цэргийн байгууллагын нийт ажилтан, алба хаагчид болон бэлтгэл үүрэгтэн, аймгийнхаа эрчүүддээ Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 99 жилийн ой, Монгол цэргийн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна” гэв.

Одоогоос 99 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ. Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.203.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.