Чинбаа, Сарнай нарын бие сайжирчээ
Үйл явдал
/
2020-03-21

Талархал

Бидэнд амьдрал, итгэл бэлэглэсэн олон мянган хүмүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Миний амьдралын минь утга учир, түшиг тулгуур, хайрт хань минь наддаа, гурван сайхан охиндоо, ээждээ, эгчдээ, найз нөхдөдөө, Монголын ард түмэндээ эрүүл саруул болон ирэх энэ л гайхамшигт хагалгаа, эмчилгээ та бүхний минь туслалцаа, оролцоо, сэтгэлийн дэмжлэггүйгээр үнэхээр биеллээ олохгүй байсныг би биеэрээ гэрчлэн төлж барамгүй ач тусад тань хязгааргүй ихээр баярлаж гэр бүлийнхнийхээ өмнөөс гүнээ талархан, хүндэтгэн ёслоё.

Энэхүү талархалыг, энэ постыг уншиж буй танд, бидний төлөө сэтгэл зовниж, хандив өргөн залбирсан хэн бүхэнд илгээн бичиж байгааг минь хүлээн авна уу.

Шинжлэх ухаан, технологийн эрчимт хөгжлийн эрин үед амьдарч буйдаа баярлан, амь насаа аварч үлдэх боломж байгаад хязгааргүй талархахын зэрэгцээ ямар их хүч чадал, сэтгэлийн хат, хөрөнгө мөнгө шаардсан үйл явц болдогийг нүдээр харж, биеэр мэдэрч сууна.

Миний төсөөлж байсанаар эмнэлэгтээ очиж аваад л шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөд, дариухан хагалгаандаа орж тэр их зовиураас ханийгаа салгах л чин хүсэл минь байлаа. Гэтэл түүний маань биеийн байдал үнэхээр сайнгүй байсан учир хагалгааны өмнө яаралтай эмчилгээнүүд хийгдэж биеийн байдлыг нь тогтворжуулах, олон арван нэмэлт шинжилгээнүүд хийлгэх, том хагалгаанд биеийг нь бэлдэх, гээд сар шахуу хугацааг зарцуулсан юм.

Чинбаагийн маань эгч Гэрэлчимэг донор болохоор Сөүлд ирээд шинжилгээ өгтөл ганцхан үзүүлэлт зөрж бидний хувь заяа өөрөөр эргэсэн юм. Гэвч бид өгсөнөөс ялгаагүй санаж үргэлж талархаж явах болноо.

Элэгний донор хүссэнээр олддоггүй юм билээ.
Цаг мөчийг алдаж болохгүй энэ эгзэгтэй үед гурван сайхан үрээ бодон, элэг бүтэн амьдралынхаа төлөө хамтдаа зовлонгоо туулах сүүлийн найдвараа би ханьдаа зориулахаар зориг шулуудан, хатуу ч гэсэн энэ хорвоог хайраар зөөллөж босохыг би түүнээс гуйсан юм.
Хувь тохиол уу, бидний агуу хайр уу, чин зүрхнээсээ би өөрөө хүссэн, итгэсэн болохоор тэр үү, донор болоход шаардагдах миний бүх үзүүлэлт, гурван өдрийн турш хийлгэсэн шинжилгээний хариунууд маань маш сайн тохирч, түүгээр ч барахгүй элэгний маань хэмжээ хүртэл хангалттай том байж таарлаа.
Дүү рүүгээ би залгаад, эгчийн маань элэг таараасай гэж өдөр бүр сүүгээ өргөөд залбираад байгаарай гэж гуйж байсан минь ингээд биелэлээ шүү дээ.
Би хагарталаа баярлаж байлаа. Хамгийн түрүүнд дүү рүүгээ ярьж энэ баяртай мэдээгээ хуваалцаж билээ. Дараа нь ээж аав руугаа ярьж хэллээ.
Энэ бол миний амьдралд тохиосон хэцүү ч гэсэн хамгийн баяртай, жаргалтай мөчүүдийн нэг байсан юм.

Цаанаа битүүхэн айдастай ч хүсэж хүлээсэн, тэр өглөө маань ирж, бид өөр өөрсдийн өрөөнд биеэ бэлдэцгээж, сэтгэл санаагаа тайвшруулж бясалгалаа хийж дуусаад л явах цаг маань болов.
Өрөөнөөс маань тусгай өөр орон дээр хэвтүүлэн түрээд аваад явав. Хурц гэрлээс нуугдан хөнжилөө нүүрэн дээгүүрээ бүтээгээд л яваад байв. Кинон дээр гардаг шиг л санагдаад, бас ямар дуусдаггүй урт удаан зам бэ гэж бодогдож билээ. Хайрт минь юу бодож яваа бол? Айж байгаа болов уу? Ингээд л энэ өдөр ирлээ шүү дээ, бүх юм сайхан болж өнгөрнөө. Бид унтаад сэрэхэд хань минь эрүүл сайхан элэгтэй болж олон жилийн
зовлонгоосоо ангижрана шүү дээ, гэх мэт олон арван бодлууд толгойд эргэлдэж байтал мэс засалд орох гэж буй том гэгч хүлээлгийн өрөөнд авчирлаа. Хурдхан хайртыгаа олж харъя гэж өндөлзтөл түүнийг минь эсрэг талд аваачсан байлаа. Хайрт минь надруу зөөлөн инээмсэглэн харав.
Эндээс л хоёр тийш нь салгаад мэс заслын өрөө рүү авч явдаг юм билээ.
Гэрийнхэн маань тэрхэн зуурт бид хоёрыг хөдөлгөн зэрэгцүүлэн хэвтүүлэхэд нь хичнээн их баярлав.
Хувь заяагаа шийдэх том сорилтынхоо өмнө гар гараан барилцан хоёр биендээ аз хүсч, бие биенээ зоригжуулж амжаад л биднийг хоёр тийшээ салган авч явсан юм.

Хийж буй үйлдээ, итгэл, сэтгэлээ бүрэн зориулсан гайхамшигт, алтан гарт эмч нарын 10 гаруй цаг үргэлжилсэн хүнд хагалгаа маань маш амжилттай болж бидний гэр бүл, анд найз нар маань сайхан мэдээ сонсч баярын нулимс унагаж байсан нь өчигдөрхөн мэт. Ёстой л алаг сайхан үрсийнх нь заяа нь түшнээ гэж хүн бүрийн ерөөж байсан нь биелэлээ оллоо.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд бэрхшээлтэй асуудлууд хэд хэд гарч, шаардлагатай нэмэлт эмчилгээнүүд хийсээр байлаа. Одоогоор 7 хоног бүр шинжилгээнүүд өгч, биеийн байдлаа хянуулаад явж байна. Одоо өмнөх сул байсан үеэ бодвол илүү сайжирч, тогтворжиж эхэлж байгаа боловч
элэг солиулсан хүн дархлаа дарангуйлдаг эмнүүд ууж дархлаагаа унагадаг учир дэлхий даяар газар авч буй тэр вирус-ээс хол байж өөрийгөө болон бусдыг хамгаалах бас нэгэн сорилт дунд тэмцэж сууна.

Хамгийн хэцүү даваа нь хагалгааны дараах хүндрэлтэй асуудлууд байлаа. Чинбаагийн бие организм миний элэгийг таних, хүлээж авах, биеийн байдал нь тогтворжих, элдэв гадны нян бактериас хамгаалах, гээд цаг хугацаа, арчилгаа их орох асуудлууд байдаг ч түүнийг давж туулах үнэхээр амаргүй...

Энэ бүгдийг ойр дотныхоо олон хүмүүсийн дэмжлэг, өөрсдийн цуглуулсан мөнгөөрөө давчихнаа гэсэн бодол салхинд хийсэж санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тулгарч эхэлсэн юм.

Би энэ постдоо өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бидний нөмөр түшиг, итгэл найдвар болж ирсэн дараах хүмүүсийг дурьдахгүй өнгөрч чадахгүй билээ.

Бидэнд анх эмнэлэг хайхаас эхлээд хамгийн том даваагаа давахад сэтгэл санааны дэм, санхүүгийн гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн Наранхүү ахдаа талархаад барашгүй. Таньдаа мэхийн ёслоё!

Мөн нөхрийн минь өсөх насны сайхан найз нар, хайрт хамт олон нь болох Никитон хамтлагтаа бидний амаргүй цаг үед дэмнэн туслаж байсанд бид хоёр чинь хязгааргүй их баярлаж байна.

Монгол дахь Солонгосын консулын газрын дарга Кил Канг Муг танд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье . Солонгос улсыг зорихоор сэтгэл шулуудсан тэр үеэс эхлэн одоог хүртэл бүх талаар туслан дэмжиж, санаа тавьж буй агуу сайхан сэтгэлд тань баярлалаа.

Амьдралд минь тохиосон нэгэн том сорилтыг давах амаргүй цаг мөчүүдэд ард талд минь баттай зогсож байсан хайрт аав ээждээ, амин эрдэнэ болсон гурван сайхан үрсдээ, ах, эгч, дүү, хамаатан садан, анд найз нартаа, тусгайлан дүү Батцэцэг, Зулаа эгч, Scott, Gigi эгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.