Н.Цагаанхүү: Орон нутагт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад улам их хариуцлага ирж байна
Үйл явдал
/
2020-03-22

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 21:20 цагт Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Энэ үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн аймгийн Шуурхай штабын дарга, гишүүдэд чиглэл өгсөн юм.

Энэ өдрийн 21:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт 132 иргэн эмчлэн тусгаарлах болон ажиглан тусгаарлах байранд байна. Цаашид хүний тоо нэмэгдсэн үед стандарт, шаардлага хангасан ажиглан тусгаарлах байрны хүрэлцээ хангамж муу байгааг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат танилцуулав.

Аймгийн Цагдаагийн газар нь 2020 оны 03 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд ОХУ-аас УБ чиглэлд явж буй нийт 31 ачааны автомашины цувааны хамгаалалтыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хамгаалалтаас хүлээн авч хамгаалалтыг үргэлжлүүлэн Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хамгаалалтанд хүлээлгэн өгчээ.

Дархан-Уул аймаг зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа хэдий ч хойшид тусгай арга хэмжээ авч ажиллах шаардлага гарч байгааг УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү анхаарууллаа. Тэрээр: -ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой тус улстай хиллэдэг хилийн боомтууд тэр дундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос иргэд дамжин орж ирсээр байна. Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагааг хүндрүүлэх, хүн хүч дутах байдалд хүргэж, халдвар тээгч орж ирэх өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад улам их хариуцлага ирж байна гэв.

Тус хуралд Дархан-Уул аймгийн шуурхай штабын гишүүдээс гадна ХӨСҮТ-ийн албаны дарга Э.Одмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан, ХӨСҮТ-ийн зөвлөх М.Цолмон, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга хурандаа Ц.Нямбаяр, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Чингисболд нар оролцов.

Х.Соёл-Эрдэнэ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.123.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.