Төмөр бетон дэрийг зориулалтын техникээр суурилуулна 
Үйл явдал
/
2020-03-25

Өнгөрсөн оны сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төв төмөр замын засвар үйлчилгээний зориулалттай ПРМ-5У маркийн машинтай болжээ. ОХУ-д үйлдвэрлэсэн уг техник нь бетон дэр солих, хотойсон зам тэгшлэх зэрэг олон үйлдэл гүйцэтгэх бөгөөд цагт 35 бетон дэр солих хүчин чадалтай. Өмнө тус төвийн Зам засварын хэсгийнхэн 280 кг жинтэй төмөр бетон дэр солих зэрэг засварын үйлчилгээний ажлыг гараар хийдэг байжээ.

 

Жил бүрийн өдийд Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн Замзасварын хэсгийнхэн төмөр замын дэр модыг төмөр бетоноор солих ажилд гардаг. Энэ жилийн хувьд 1500 төмөр бетон дэр захиалсан ч одоогоор нийлүүлэгдээгүй ажил сунжрах төлөвтэй байна. Тус хэсгийн хамт олон “Эрдэнэт” өртөөнөөс Тээвэр ложистикийн төв хүртэлх 3,5, тэндээс төв корпус хүртэл нэг, Өөрөө нунтаглах хэсэг хүрэх 0,9 км гээд нийт 36 салбар, дэлгэмэл уртаараа 25 км төмөр замын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг. Төмөр замын дэр модыг төмөр бетоноор солих ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд одоогоор 6000 гаруйг шинэчлээд байна. Төмөр бетон дэр нь 30 жилийн баталгаатай, ашиглалтын зардал хямд гэдгээрээ давуу талтай юм.

Ирэх сараас бетон дэр нийлүүлэгдэх үед тусгай зориулалтын техник ажилд гарснаар хөдөлмөр хөнгөвчлөгдөж, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм.

 

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.