О.Амартүвшин: Дотоодын 20 компани ДАМПУУРЧ, 260 мянган хүн АЖИЛГҮЙ болох эрсдэл үүсээд байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-25

Монголын эдийн засагчид “Коронавирусийн ажлын байран дахь нөлөөлөл” сэдэвт судалгаа хийжээ. Тэд тус судалгааныхаа үр дүнг МҮХАҮТ-д танилцуулж байна. COVID-19 нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засагт гарч буй нөлөө, яаралтай авах арга хэмжээний талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон эдийн засагч Б.Дөлгөөн нар мэдээлэл өгч байна. МҮХАҮТ-аас 1500 ААН-ийг хамруулан “COVID19 вирусын ажлын байрны нөлөөллийн судалгаа” явуулснаа танилцууллаа.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Ковид-19” халдвар гарснаас хойш Монголын компаниудын 67.4 хувьд маш их нөлөөлж байгааг энэ судалгаанаас харж болно. Нийт компаниудын 33 хувь нь ямар нэгэн байдлаар орон тооны цомхотгол хийжээ. Коронавирус аялал жуулчлалын салбар, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна.

Судалгаагаанаас харахад Засгийн газраас даруй, дорвитой арга хэмжээ авахгүй бол 20 гаруй компани дампуурч, 260 мянган иргэн ажилгүй болох эрсдэл үүслээ. 1500 гаруй компаниас авсан судалгаанаас харахад 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь нь ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэж хариулсан” гэлээ.

МҮХАҮТ 1500 гаруй компаниас шинэ коронавирусийн ажлын байранд үзүүлэх нөлөө судалгааг авсан бөгөөд ажлын байранд нөлөөлж байна гэж үзэж буй компаниуд 30 хувьд хүрээд байна гэв.  Шинэ коронавирусийн улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийн улмаас 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон байгаа тул Засгийн газар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэв. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд зардлаа танаж эхэлсэн бөгөөд яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол эдийн засаг хүндрэх төлөвтэй байгааг судалгаагаар харуулжээ.  Монголбанкнаас хэрэглээний зээл төлөлтийг 90 хоног царцаасан шийдвэрийг Засгийн газар гаргасан талаар мэдээлж байсан ч одоог хүртэл албажаагүй байгаа нь иргэдийг бухимдуулж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.