Ё.Баатарбилэг сайд аа !!! Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 146,71 тэрбум төгрөг ХААШАА ОРЧИХСОН БЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-26

Буцалтгүй тусламж ба хөнгөлөлттэй зээлээр бид юу хийдэг вэ гэдгийг сонирхож үзлээ. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагаас 1991-2017 онд нийт 4.38 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.62 тэрбум ам.долларын тусламжийг авч ашиглажээ. 2017 онд төсвийн дэмжлэгийн зориулалттай зээлийг оруулаагүй төслийн зээлийн ашиглалт 752.1 тэрбум буюу 309.4 сая ам.доллар байна. 2018 оны төсөвт гадаад төслийн зээлийн ашиглалт 835.9 тэрбум төгрөг, тусламжийн ашиглалт 110.0 тэрбум төгрөгөөр батлагдсан. Хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагаас 2019 онд 1,242.3 тэрбум төгрөгийн зээл, тусламж ашиглахаас 525.7 тэрбум төгрөг буюу 42.3 хувийг Азийн хөгжлийн банк, 254.9 тэрбум төгрөг буюу 20.5 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээл, тусламж эзэлж байна.

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд нийт 111 зээлийн төсөл, 41 тусламжийн төслийг “байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих”, “сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах”, “нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх”, “нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчинг сайжруулах” болон бусад чиглэлээр санхүүжүүлнэ гэж тусгажээ. Бид энэ удаа Боловсролын салбарт гадаад улсаас хөрөнгө оруулсан зээл тусламжийг хүргэж байна.

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр 2019 оны төсөвт гадаад зээлийн хөрөнгөөр 174.45 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 62.84 тэрбум төгрөг тусгасан нь нийт гадаад зээл, тусламжийн 17%-ийг эзэлж байгаа бөгөөд 2019 онд дуусах гадаад зээлийн хөрөнгөөр 104.5 тэрбум төгрөгийн 10 төсөл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 22.91 тэрбум төгрөгийн 3 төсөл, шинээр эхлэх гадаад зээлийн хөрөнгөөр 19.3 төгрөгийн 4 төсөл хэрэгжихээр тусгасан.  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад гадаадын хөнгөлөлттэй зээлээр ес, тусламжаар таван төсөл хэрэгжихээр тооцжээ. Эдгээрээс

Азийн хөгжлийн банкны 3,0  сая долларын буцалтгүй тусламжаар “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл – JFPR9182,

Азийн хөгжлийн банкны 20 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Дээд боловсролын шинэчлэл” төсөл,

Дэлхийн банкны 30 сая доллар, түүний 19,5 сая зээлжих тусгай эрхийн хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл /ДБ/,

БНСУ-ын Засгийн газар – Эксим банкны 19,6 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Ухаалаг боловсрол” төсөл,

БНХАУ-ын Засгийн газар – Эксим банкны 45,7 сая долларын буцалтгүй тусламжаар “Шинэ зууны боловсрол” төсөл,

БНЭУ-ын Засгийн газар – Эксим банкны 20 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төвийг байгуулах” төсөл,

Япон Улсын Засгийн газар – ЯОУХААБ 6,8 тэрбум еинийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер технологийн дээд боловсрол” төсөл,

Азийн хөгжлийн банкны 50 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих” төсөл, /Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулж 3 ээлжээр ажиллаж байгаа сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх, сургуулиас өмнөх, бага болон дунд сургуулиудын боловсролын чанарыг сайжруулах юм. /

БНХАУ-ын Засгийн газар, 300.0 сая юанын буцалтгүй тусламжаар “Ерөнхий боловсролын сургууль барих” төсөл

БНХАУ-ын Засгийн газар – Эксим банкны 25.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээрээр “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төсөл

БНХАУ-ын Засгийн газар, 15.0 сая юанын буцалтгүй тусламжаар “Буянт-ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл

Япон Улсын Засгийн газар, 2.4 тэрбум иенийн буцалтгүй тусламжаар “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих” төслүүд тус тус багтсан байна.

Монгол улсын Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад нийтдээ 12 төсөл 2019 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс хэд нь амжилттай хэрэгжиж, хэд нь дутуу орхигдож, хэдийнх нь төсвөөс хүмүүс халаасалсан нь тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.