Ц.Нямдорж, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нар үлдэж бусад сайдууд ОГЦОРНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-28

Г.Занданшатар даргын ил гарч инээж, далд орж уйлан байж батлуулсан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийн төсөл 2019 оны 11 сарын 19 нд батлагдаж, Ерөнхийлөгч Х.Баттулга 11 дүгээр сарйн 26-нд ёсчилон баталгаажуулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн шинэ зүйл заалтууд 2020 оны 05 дугаар сараас эхлэн хэрэгжинэ.

Энэ нь 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлдэж буй МАН-ынханы толгойны өвчин болоод байна. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын Засгийн газар Үндсэн хуулиа хэрэгжүүлэхийн тулд БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ огцорно.

Хуулийн шинэ тоолуур гүйгээд эхэлсэн. Тийм учраас тэд юун сонгуультай мантай байна. Бодох зүйл Ерөнхий сайдад их байна. Ядаж Шинэ танхимдаа хэн хэнийг авах вэ, хэдийг нь үлдээх вэ бодож тархиа гашилгаж суугаа.

Ямартай ч болохгүй, бүтэхгүй байна гэсэн Үндсэн хуулиа өөрчилж, засаж залруулсан. Одоо дагаж мөрдөх л үлдээд байна. Ерөнхий сайд ч бас үүнйиг хүлээн зөвшөөрсөн. Хүсэхгүй байсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Хуулийн дагуу...

“Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Үүнд орсон нэг чухал асуудал бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Хуучин Засгийн газрын гишүүн бүрийг хүн нэг бүрээр нь хэлэлцэж томилдог байсан бол одоо Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, сайд нараа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог болж байгаа. Засгийн газрын шинэ гишүүд өөрсдөө тангараг өргөдөг болж байгаа. Тэгэхээр тавдугаар сарын 25-наас өмнө Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулах юм. Мөн шинэ Засгийн газрын гишүүдийн өргөх ёстой тангаргийн төсөл бэлэн болсон байх ёстой. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа хийгдэх үйл явдал. Иймд иргэд олон нийтээсээ санал авах ёстой гэж бодож байна. Засгийн газрын гишүүд одоо 100 хувь давхар дээлтэй байгаа. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүнээ хавсран гүйцэтгэх буюу давхар дээлтэй болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал. Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой.

Энэ бол таамаг. Хурандаа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын Засгийн газраас давхар дээлтэйгээ үлдэх боломжтой ДӨРВӨН сайд байна. Тэд бол өдгөө Үндсэн чиг үүргийн яамдыг буюу Монгол төрийн аюулгүй байдал, гадаад, дотоод бодлого, хөрөнгө санхүүг хариуцсан сайдууд юм.

Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд, Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар нар тунаж үлдэх боломжтой юм.

Монголын анхны таван яам буюу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх алба, (Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Дипломат алба, (Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч  яам) Санхүү, эдийн засгийн алба, (Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам)  Хууль зүй, дотоод хэргийн алба, (Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Батлан хамгаалах алба (Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам) үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой 2021 онд тохионо.

Анхны таван яамд эхэн үедээ бараг ижил эрхтэй байсан тул сайд нар хоорондоо харьцах, улсын хэргийг уялдуулах шаардлагаар Богд хааны 1912 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн зарлиг гарчээ. Уг зарлигт “Дотоод яам угаас тус улсын дотор тэргүүлэгч ахмад яам мөн. Гагцхүү манай улс гадаад лугаа найрамдахыг эрхэмлэн гадаадын хэргийг чухал болгох тул Гадаадын яамыг дэд болготугай. Бас улсыг хамгаалах үндэс цэрэгт буй тул Цэргийн яамыг гутгаарт болготугай. Сангийн яамыг дөтгөөрт болго. Шүүн таслах яамыг тавдугаарт болгон харилцан бичиглэхэд зэрэг дэвийг үзэж дээдэх яам доош бичихүй дор илгээв хэмээн бичиж, доорхи яам дээш бичихэд өргөн хэмээн бичиж, үүрд дагаж явагтүн” хэмээн  тогтоожээ.

Монгол төрийн бодлого, түүхэн эх сурвалжаас эх авсан ч тэр Засгийн газар шинээр байгуулагдвал дээрх таван сайд өөрчлөгдөхгүй байх магадлалтай юм. Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэгт Үндсэн чиг үүргийн 6 яамны тоонд Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамд тус тус орсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.38.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.