Иргэн бүрд 200 мянган төгрөг олгохыг ТА БИДНИЙ ЭВСЭЛЭЭС шаардлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-31

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН) -ээс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаар өнөөдөр /2020.03.30/мэдээлэл хийлээ.  Тэд "Онцгой нөхцөлд онцгой бодлого шаардлагатай" гэдгийг мэдэгдэлдээ тодотгож есөн шаардлагыг тусгажээ.

Мэдэгдэлд: Монгол Улсын төр засгаас коронавирусыг тархаахгүй байхад чиглэсэн “хорих, цагдах, хязгаарлах” арга хэмжээ авч буй боловч бий болсон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй цаг алдсаар байна. Энэ нь улс орны эдийн засаг улам хүндрэх, олон мянган ажлын байр алдагдах, аж ахуйн нэгж дампуурах, ард иргэдийн ахуй амьдрал доройтох, ядуурал улам өргөжин гүнзгийрэх ноцтой эрсдэлийг бий болголоо.

Дээрх асуудлаар “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” -ийг бүрдүүлэгч улс төрийн намууд болон бусад байгууллага, иргэд удаа дараа анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, эрх баригчдын авахаар зарлаж байгаа арга хэмжээ нь цогц шинж агуулаагүй, байдлыг бодитой дүгнээгүй, оновчтой биш, хамрах хүрээ нь хязгаарлагдмал болсон байна.

Иймд “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” -ээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж мөнгө, санхүү, зээл, гааль татварын бодлоготой холбоотой эдийн засгийн асуудлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж, УИХ, Засгийн газарт хандан энэхүү Мэдэгдлийг гаргаж байна.

Нэг. УИХ-аас коронавирусын улмаас улс орны хэмжээнд “давагдашгүй хүчин зүйл, гарцаагүй байдал” үүссэнийг албан ёсоор зарлаж, иргэд аж ахуйн нэгж байгууллагын түрээсийн төлбөр, Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ, ломбардын хүү, алданги зэрэг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх;

Хоёр. Монголбанкны бодлогын хүүг 3 хувиас илүүгүй байлгах шийдвэр гаргахыг Монголбанкинд үүрэг болгон эдийн засгийг мөнгөжүүлэх шийдэмгий арга хэмжээ авах, арилжааны банкуудад байршуулсан төрийн эх үүсвэрийн хүүг “0” хувьд ойртуулах;

Гурав. Тэтгэвэр, цалингийн зээлийн хүүг жилийн 3 хувиас илүүгүй, ипотекийн зээлийн жилийн хүүг “0” хувиас илүүгүй болгон бууруулах бодлого хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгох, Арилжааны банкнаас Монголбанкинд байршуулсан 4 гаруй их наяд төгрөгийн ТБҮЦ-ыг суллаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Онцгой нөхцөлийн зээл гаргах эх үүсвэр бий болгох;

Дөрөв. Зээлийн мэдээллийн сангийн “ХАР ЖАГСААЛТ”-ыг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл авах эрх нээхийг Монголбанкинд үүрэг болгох;

Тав. Улсын төсөвт яаралтай тодотгол хийн 2 орчим их наяд төгрөгийн тулгамдаагүй хөрөнгө оруулалтыг танаж “Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай” Монгол Улсын хуулийн дагуу иргэн бүрт сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулах;

Зургаа. Онцгой дэглэмийн хугацаанд хэрэглээний төлбөр төлөх зэргээр иргэд бөөнөөр цуглан, дараалал үүсгэж, вирус тархах аюултай нөхцөл үүсгэж байгааг зогсоох;

Өрхийн орлого тасарсны улмаас айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төлөх боломжгүй болсныг харгалзан улсын төсвөөс шийдвэрлэх;

Долоо. Монгол Улсад үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлж, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй зайлшгүй хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг тэглэх;

Найм. Эдийн засаг хүндэрсэн амаргүй цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулахын оронд татварын өрийн маргааны асуудлаар Монгол Улсыг Олон Улсын Арбитрын шүүхэд өгсөн Рио Тинто компанийн эрх ашгийг улайран хамгаалдаг байдлаа нэн даруй зогсоож “Дубайн гэрээ”-г хүчингүй болгон, Оюу толгойн “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г Монголын талд ашигтай нөхцөлөөр өөрчлөх ажлыг эхлүүлэх;

Оюутолгойн ордын баялгийн орлогыг монголын банкаар дамжуулдаг болгон төгрөгийн ханшийг тогтворжуулах;

Ес. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн экспортод онцгой хяналт тавьж, тусгай горимд шилжүүлэх" гэжээ.

Зарчмын шинжтэй шаардлагуудыг бид тавьсан. Өнөөдрийг хүртэл УИХ ажлаа хийхгүй явж ирлээ. Монгол Улс парламентын засаглалтай улс. Төсөв, санхүүтэй холбоотой асуудлуудыг зайлшгүй УИХ-аар батлах ёстой. Ерөнхийлөгч болон эрх баригч намын даргад УИХ-аа хуралдуулах бүрэн эрх нь байсаар атал энэ ажлаа хийхгүй байна. Ахмадууд нь өнөөдөр тог, цахилгааныхаа төлбөрийг төлөх гээд арилжааны банкуудад очерлон эрсдэл хүлээж байхад улс орон, ард түмнийхээ төлөө гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өвчнөөр шалтаглаж хурлаа хийхгүй байж болохгүй. УОК-оос маш олон байгууллагуудын үйл ажиллааг зогсоосон. Үүнтэй адилхан арга хэмжээг банк, санхүүгийн байгууллагуудад авах эрх нь бий. Гэтэл ресторан, баар, дэлгүүрүүдийг өөрсдийнхөө дур зоргоор хаачихдаг атлаа зээл олгогч байгууллагуудад өөр хандаж, төрд эрх нь байхгүй гээд хойш сууж байгаа нь зохисгүй. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг зогсоож чадсан шигээ банкны зээлийг хүүг зогсоох эрх нь төрд байгаа. Санхүүгийн чиглэлд арга хэмжээ авах эрх нь гагцхүү УИХ-д  бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.