Аймгийн онцгой комисст 26 сая 310 мянган төгрөгийн хандив цугларчээ
Үйл явдал
/
2020-04-02

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар шинэ коронавирус буюу ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлж буй мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Мөн хурлаар хорио цээрийн дэглэмийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 сарын 1-нээс 5 сарын 1-ний өдрийг хүртэл дулаан халаалтыг нь зогсоохоор шийдвэрлэлээ.

Үүнээс гадна нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах тухай Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу аймгийн мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсэг “Мо Эн Ко” ХХК болон Булган боомтод хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан мэдээллийг хурлын үеэр танилцууллаа.

Уг хяналт шалгалтын ажлаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгаж ажиллахыг холбогдох компаниудад үүрэг болгосон байна. Үүний дараагаар мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж аймгийн Онцгой комисст 32 байгууллагаас 26 сая 310 мянган төгрөг, 3675 ширхэг амны хаалт, 2 ширхэг халуун хэмжигч, 500 литр бензиний толаныг хандивлажээ. Эдгээр хандивыг Засгийн газраас гаргасан Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын дагуу зарцуулна гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.