Аймгийн хэмжээнд 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлалтын бүсэд ажиллаж байна
Үйл явдал
/
2020-04-02

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн хоёр дахь удаагаа цахимаар болж өндөрлөлөө. Хурлыг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав.

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрөгч 7 хоногт 1, 2, 3, 4, 5-р сургууль болон 2, 5-р цэцэрлэг, ХЗТ-ын албан хаагч нийт 501 ажилтан 21 багаар 11:00-19:00 цагийн хооронд эргүүлд гарч ажиллажээ. Эргүүлд гарах хугацаанд нийт давхардсан тоогоор 325 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийж тоглоомын болон биеийн тамирын талбайд олноор цугларсан нийт 215 хүүхдэд зөвлөгөө өгч ажилласан байна.

Нөөцийн махны худалдаанд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өдөр тутмын хяналтыг багуудын ажлын албатай хамтран хийж, үйлдвэрээс дэлгүүрт ирж буй махны баримттай тулгалт хийн борлуулалт, үлдэгдлийг бүртгэл хөтлөн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 207 иргэн тусгаарлалт ажиглалтад байгаагаас “Эрдэнэт сувилал цогцолбор”-т 97, “Эрдэнэт” зочид буудалд 69, “Дээдэс” буудалд 40, БОЭТ-ийн халдвартын тасагт 1 хүн, гэрийн ажиглалтад 7 иргэн тус тус хяналтад байна.

БОЭТ-ийн халдвартын тасагт байгаа сэжигтэй 1 иргэний биеийн байдал тогтвортой хэвийн тайван байгаа аж. Тусгаарлан ажиглах байруудад 6 их эмч, 4 сувилагч, бусад 16 үйлчилгээний ажилтан, нийт 26-н эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн хамт тусгаарлагдан ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.41.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.