Ё.Баатарбилэг: Сургалтын байгууллагын хорио үргэжилж МАГАДГҮЙ төлөвтэй байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

БСШУС-ын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явцын талаар  өнөөдөр танилцууллаа. Бүртгэл хоёрдугаар сарын 10-нд нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 16,911 шалгуулагч бүртгүүлжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй тул Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар болсон билээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил бүртгэлийн явц тааруу байна. Шалгуулагчдыг эртхэн бүртгүүлэхийг уриалъя. 

Шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй буюу Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. 

Ингэснээр бид шалгуулагч бүрт мэдээллийг хэрхэн хүргэх арга барилаа тодорхойлж, бэлтгэлээ хангах юм. 

Тухайлбал, Монгол Улсын хилийн орчимд 2,400 хүүхэд байгаагаас 74 нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагч. Тэдэнд шалгалттай холбоотой мэдээлэл хүргэхийн тулд Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран ажиллаж байна.

Төмөр замын өртөө, уурхайн орчимд оршин сууж буй сурагчид, сум, багт байгаа зэрэг бүх шалгуулагч нарт Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээллийг тогтмол хүргэж байх нь чухал учир бүртгэлийг хугацаанд нь хааж, шалгалт болох хүртэл шалгуулагч нэг бүрт мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ" гэлээ. 

2019-2020 оны хичээлийн жилд 590 сургуулийн 1,146 бүлгээс 28,567 сурагч 12 дугаар анги төгсөнө.

Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил 32,000 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө хэмээх тооцоолж, улсын хэмжээнд шалгалтын 50 төвийг бэлтгэж байгаа юм. Тухайн шалгуулагч аль сургуульд, ямар мэргэжлээр суралцахаас шалтгаалан 10 хүртэлх хичээлээр шалгалт өгөх боломжтой. Гэхдээ өмнөх жилүүдийн судалгаанаас харахад 4-5 хичээлийг сонгож өгсөн хүүхдүүдийн шалгалтад үзүүлсэн дүн нь бусдаасаа харьцангуй өндөр байсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

"Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа. Мөн хугацаанд 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий. Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа болов уу.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ.  Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан танхмын давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.