ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, доктор Б.Дармаа, Ц.Чинбаяр нар бол "МАНАЙ ҮЕИЙН БААТРУУД"
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-07

Монгол Улсын Их хурлын хаврын чуулган нээлтээ хийлээ. Дэлхий нийтийг хамарсан Коронавирусийн халдвараас шалтгаалан онцгой нөхцөл байдал үүссэн учраас хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулж буйгаараа онцлог юм. УИХ-ын дарга Г.Занданшар чуулганыг нээж хэлсэн үгэндээ 

"...Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотоодоос вирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, тархалтаас амжилттай сэргийлэн, зөв сайн эмчилж чадсаны үрээр, түрүүч нь эдгэрч орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна. Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье.

Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьж баяр хүргэж, талархал илэрхийлээд, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт 2 хүнийг эмчлэн эдгээж, 13 өвчтөнийг эмчилж буй энэ гайхалтай эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Төрийн шийдвэрийг гардан хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж, албаны үүргээ онц сайн гүйцэтгэж буй Улсын онцгой комисс, онцгой байдал, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье. Монгол хүний эрүүл мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя.. " гэдгийг онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.60.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.