С.Амарсайхан: 200090 албан хаагчид 855,9 сая төгрөгөөр урамшуулал олгосон
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-07

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар  ээлжит мэдээллээрээ зургаан асуудлыг ярилаа.

Нэгдүгээрт- Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод 112 албан хаагч дөрөвдүгээр сарын 5-6-ны хооронд ажилласан. Энэ үеэр 95943 зорчигч, 30 мянга гаруй тээврийн хэрэгсэл нийслэл рүү орох гарах хөдөлгөөн хийсэн. Албан хаагчид иргэдийн халууныг үзэх, асуумж зөвлөмж авах зэргээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй улстай хамтын ажиллагаатай. Эдгээр хотуудаас цаг үеийн нөхцөл байдлын талаар авсан мэдээллээ хүргэлээ.  Дөрөвдүгээр сарын 5-6-ны хооронд гэхэд АНУ-ын Нью Йорк хотод өвдсөн иргэний тоо хоёр дахин нэмэгдэж 122031 болж, нас барсан иргэдийн тоо 4000 гарсан байна. Бүх нислэгүүдийг зогсоосон. Москва хотын захиргаанаас хөл хорио тогтооход өвчлөлийн тархалт буурч шинээр өвчлөл авсан иргэдийн тоо 2879 болж буурсан ч 23 иргэн нас барсан. Тэрээр энэ их тоо баримтаар иргэдээ айлгах гэсэнгүй, харин эрт хөл хорионд оруулж дэг журам сахиулсан үр дүнгээ цааш улам хадгалж нягт ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг хэлж байлаа.

Хоёр- Өнөөдрийн байдлаар 165 мянган угаарын хий мэдрэгч Улаанбаатар хотын хэмжээнд тараагдсан байна. Дараагийн 65 мянган угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. Ингэснээр бид дараагийн 14 хоногт бүх айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангана гэдгийг хэллээ.

Гурав- Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд илүү цагаар ажилласан 43 байгууллага байна. Эдгээр байгууллагуудын 200090 ажилтны илүү цаг, урамшуулал бусад хэлбэрийн цалин хөлст 855,9 сая төгрөгөөр урамшуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.  Эдгээр хүмүүс 2019 оны 10-р сард түлшний хэрэглээтэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан бол одоо коронавирусын үеийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Тийм учир эдгэр хүмүүсийг урамшуулах нь зайлшгүй гэдгийг онцолж байв. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр удаа хийсэн. Цаашид улирал бүрт нэг удаа ариутгал халваргүйжүүлэлт хийж байхаар болж байна гэв.

Дөрөв- Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэн, татвар хураамж авдаг газрууд иргэдэд тогны мөнгө төлсөнгүй, татвар хураамжаа төлсөнгүй гэх шалтгаанаар шавдуулахгүй, дарамтлахгүй байхыг эдийн засгийн хямралтай энэ үед шаардан ажиллаж буйгаа хэллээ.

Тав- 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг Хан-уул дүүрэгт баригдаж байгаа. Эмнэлгийн барилгын гүйцэтгэл 95 хувьтай байна.  Эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зургаа- Иргэд урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор уул хад, агаар салхинд гарах нь ихсэж байна.  Мөн гал түймэр, усны аюул хаврын цагт ихэсдэг. Эдгээрийг зохицуулахын тулд уулын аманд хүмүүс ажиллуулж хөдөлгөөнийг сааруулах, зогсоох хүртлэх арга хэмжээг авч ажиллахаар болж буйг хэллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.