Ардчилагчид нь мартагдаж, АВЛИГАЧИД нь мандсан АН-ын 30 жил
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-08

Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн ялж, нэг намын тогтолцоог халсан түүхэн үйл хэргийн 30 жилийн ой тохиож байна. Монголын улстөрийн хоёр гол тоглогчийн нэг нь яах аргагүй АН. 2012 онд түүхэндээ анх удаагаа олонх болж засаг барьж, дураараа дургиж, хөгжлийн банкнаас олгосон бондын мөнгөөр тоглосон тус намынхан 2016 оны сонгуульд навс ялагдаж, гудманд лааз өшиглөсөн.

УИХ-д ердөө 11 суудал авсан ч тэр нь дотроо задарч, нэг гишүүн нь явахаа алдсан. Хоёр нь нүүрээ буруулаад ШИНЭ НАМ байгуулчихсан. Одоо зөвлөл төдийхнөөр амь аргацааж байна.

Угаас ханлигууд, дотоодын татарууд ихтэй тус намынхан нэгдэж нэг удирдлага дор багтаж, бужигнахгүй, хаяагаа хадрахгүй гэж тохиролцсон ч С.Эрдэнэ “ван” тэдний хүссэн удирдагч биш байв. Ахиад л улс төрийн, намын даргын төлөөх зодоон нь эхэллээ. МАН-ынхаас гол ялгаатай нь АН-ын зодоон ард түмний, за болъё гишүүд дэмжигчдийнхээ нүдэнд ил, хал бал багатай явагддагаараа сонирхолтой юм.

30 нас бол эр хүний хувьд хийж бүтээх, хөгжиж дэвших нас. АН-ын хувьд туршлагажиж, хатуужих үе гэсэн үг. Гэвч тэдний дотоодын дайн дуусаагүй бололтой. Нам дотроо тусгаар тогтнох гэсэн үзэлтэй ханлигууд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна.

Олон ургальч үзлийг 1992 оны Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн тэрхэн үед борооны дараах мөөг шиг олон нам байгуулагдсан. Тэд эвсэж 1996 онд Засгийн эрх барьсан ч “юм үзээгүйн гайгаар” Засгийн газраа хэд хэдэн удаа унагаж, том эрх мэдлийн төлөө улайрцгааж байсан. Яг  л энэ жишгээрээ тэд эвсэж нэгдсэн нэг удирдлагад нийлж Ардчилсан намыг байгуулсан.

Тэд одоо 30 жилийн ойгоо тэмдэглэж, нохой гурав харагдал ууж, нойтон цас ортол баярлаж байна. Гэвч тэднийг баярлах зуур МАН-ын бага хурлын гишүүн, “Хера Холдинг” группийн босс Х.Ганхуяг гэгч нөхөр нэлээд сүртэй мэдэгдэл хийж сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүний нэрийг олоннийтэд зарлалаа.

Энэ бол баярлаж яваа АН-ынханд барьсан ах нарын бэлэг байлаа. АН-ынхан нэг хэсэг “60 тэрбумын хэрэг”-т акцент өгч, улстөр хийдэг байв. Тэгвэл АН-ынханы “но” илэрч байна. За энэ ч яахав явуургүй улстөр.

Харин жинхэнэ Ардчилагчид нь гэмт хэрэгтнүүд болж, жагсаж ч, өлсөж ч үзээгүй нөхдүүд Ардчиллын баяр тэмдэглэж байна. Ц.Элбэгдорж хорионд, М.Энхсайхан, Да.Ганболд, Э.Бат-Үүл нар гэмт хэрэгтнүүд болж хувиран, Д.Сосорбарам, Б.Энхтүвшин, Баабар, Нинж нар мартагдсан гучин жилийн ой тэмдэглэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.207.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.