Сурвалжилга: Их сургуулиуд оюутнуудынхаа СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ хөнгөлөхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-09

Коронавирусийн халдварын улмаас тогтоосон хөл хорионоос шалтгаалж их дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаа цахимаар явуулж буй билээ. Тэгвэл их дээд сургуулиуд цахим сургалтын үйл ажиллагаагаа явуулахад ямар хүндрэл бэрхшээл гарч буй, оюутнууддаа хэрхэн эерэгээр шийдэж буй талаар сурвалжиллаа.

ИЗОУИС-ийн Сургалт эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Г. Туяа:

ИЗОУИС-д бакалавр,магистр, докторын түвшинд 7000 орчим оюутан суралцаж байна. Нийт оюутнуудын 40 хувь нь хөдөө орон нутагт байна гэсэн судалгаа гарсан. Хэдий 40 хувь нь хөдөө орон нутагт байгаа ч гэсэн эдгээр оюутнуудын 10 орчим хувь нь л  интернэтээр хичээлээ үзэх боломжгүй газарт ба         йна. Үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутаг гэж мэдүүлсэн ч аймгийн төв, сумийн төв зэрэгт байгаа учир интернэтээр хичээлээ үзэх боломжтой. Эхний хэдэн цахим сургалтын дараа оюутнуудын ирүүлсэн саналыг харгалзан үзэж хичээлээ видео хэлбэрт оруулж, хөдөө орон нутагт интернэтээр нэвтэрч орох боломжгүй оюутнуудыг нөхөж үзэх боломжоор хангасан учир оюутнуудын хувьд харин ч сайшаалтай байна гэсэн сэтгэгдлүүдийг хэлж байгаа. Мөн ИЗОУИС “Юнител” групптэй хамтран оюутнуудын дата авахад хүндрэлтэй байгаа асуудлыг шийдэж оюутны програм руу орсон тохиолдолд дата унадаггүй байдлаар шийдсэн. Манай сургууль цахим номын сантай учир оюутнууд өөрийн эрхээр нэвтэрч цахим ном уншиж хичээл хийж, диплом бичих нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн БСШУСЯ-нд томоохон номын сангуудын номыг цахимаар унших боломжоор хангаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Энэ ажил маань хэлэлцэх шатандаа явж байна гэсэн хариуг өгсөн.

Отгонтэнгэр их сургуулийн Сургалтын нэгдсэн албаны дарга Л. Мягманхүү:

Отгонтэнгэр их сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд 1400-аад оюутан суралцаж байна. Эдгээрээс 30-аад хувь нь хөдөө орон нутагт байна. Хамгийн сүүлийн судалгаагаар суралцагчдын 77 хувь нь цахим сургалтандаа хамрагдаж даалгавар, бие даалтаа явуулж байна гэсэн судалгааны дүн гарсан. Захиргааны зөвлөлийн хурлаар нэгдүгээр сарын 27-ноос эхэлж явуулсан цахим хичээлүүдийн даалгавар, бие даалтуудын хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулах, эсвэл хичээл эхэлсэнээс хойш тухайн хичээлийг дахин судлах зэрэг боломжуудыг нээж өгсөн учир оюутнуудын хувьд ямар нэгэн асуудал гарах нь бага байна. Ийм зохицуулалт хийснээр хөдөө орон нутагт байгаа оюутнууд цахимаар суралцах боломж илүү нэмэгдэж байна. Мөн сэтгүүл зүйн тэнхимийн студийн байранд хичээлийг видео хэлбэрт оруулан бэлтгэж хичээлийг видео хэлбэрээр хүргэж байна.

Монгол Улсын Их Сургууль

МУИС-д бакалавр, магистр, докторын түвшинд гадаад дотоодын 21000 гаруй оюутан суралцаж байна. Цахим сургалтыг видео хэлбэрээр явуулж байна. МУИС-ийн гаргасан журмаар хичээлээ үзэх боломжгүй байгаа сумын харьяалалтай хүүхдүүд хичээлээ цуцлуулах, хичээл үзэх, даалгавар явуулах хугацаа зэргийг сунгаж оюутнууддаа уян хатан байхаар шийдэж байна. “Юнител” групптэй хамтран ажиллаж оюутны мэдээллийн системд ороход дата унадаггүй байдлаар зохицуулжээ. Мөн диплом бичихээр сонгосон ч бичих боломжгүй хөдөө орон нутагт байгаа оюутнуудыг дипломын оронд өөр хичээл үзээд төгсөх эсвэл дипломын ажлаа ирэх намар хүртэл хойшлуулах зэрэг байдлаар зохицуулжээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

ШУТИС-ын цахим сургалт явуулах түр журмыг батлан ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд “Мобиком” компанитай хамтран ажиллаж оюутны мэдээллийн системээр ороход хөнгөлөлттэй байх зэргээр зохицуулан ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт байгаа оюутнуудыг хичээл үзэх, даалгавар, бие даалт үзэх хугацааг сунгах зэрэг зохицуулалтыг хийж байна.

Өмнө нь манай улсад их дээд сургуулиуд цахимаар сургалтаа явуулж байгаагүй. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цахим сургалтыг явуулж эхэлсэн. Анхных учир эхний хэдэн хичээлийг ороход алдаа дутагдал байсан ч оюутнуудаас ирсэн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж илүү сайжруулахаар ажиллаж байна гэсэн зүйлийг сургуулийн төлөөллүүд хэлж байлаа. Дэлхий нийтэд цахим сургалт явуулдаг. Манай улсын хувьд ийнхүү нөхцөл байдлаас шалтгаалж цахим сургалт явуулж буй нь нэгээхэн том алхам болоод байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.72.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.