ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нарыг 500 мянгаас нэг сая төгрөгөөр УРАМШУУЛНА гэдгээ Шадар сайд илэрхийллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-10

Монгол улсад Ковид-19 халдварын 16 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарч, амралт, сувилалын газарт тусгаарлагдаад байгаа юм. Үүсэн нөхцөл байдлын хүрээд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин халдвар авсан иргэдийг эмчилж байгаа ХӨСҮТ-д ажиллаа. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч нарт Монгол хүний эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийллээ. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгдсэн байна. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж буй бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байгаа билээ.

Манай улс дэлхий улс орнуудын коронавируст халдварын эсрэг хэрэглэж буй эм бэлдмэл, эмчилгээ үйлчилгээ бүгдийг хийж буй. Тухайлбал, сэжигтэй тохиолдлд бүрт үндсэн оношлуураар тестэлж үзээд, дараа нь ХӨСҮТ-ийн төв лабраторийн шинжилгээгээр баталгаажуулдаг байна. Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох болно” гэжээ.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байгаа. Энэхүү баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний хамгийн ойр хавьтагчийг олж илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж Улсын Онцгой комиссын шуурхай штаб болон, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.