Г.Занданшатар: Олуулаа цуглахыг хориглож, бүх нийт МАСК ЗҮҮХИЙГ хуульчилна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-11

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр нэр бүхий гишүүдийн хамт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан УИХ-аас баталсан эдийн засгийн шинжтэй бодлого шийдвэр болон ҮАБЗ-ийн түвшинд яригдсан асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах, эрсдлээс хамгаалах, банк санхүүгийн реформ хийх чиглэлээр Их хурлаас гарч буй шийдвэрүүдийг танилцуулъя. Энэ долоо хоногт УИХ хаврын чуулганы нээлтээ хийж, хамгийн эхэнд цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр багц арга хэмжээг гурав хоногийн хугацаанд тусгай дэгээр хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас өргөн барьсан долоон багц арга хэмжээгээр зарим өөрчлөлтүүдийг хийлээ.

Тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байнга ажиллаж байсан. Мөн О.Баттөмөр гишүүнээр ахлуулсан банкны салбарын реформ, цахим шилжилт, зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг ч ажиллаж байна. Цар тахлын үед Их хурал онцгой горимоор ажиллаж байна. Мөн тэр орчныг бүрдүүлэхээр Дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орууллаа. Дэлхий нийтээрээ энэ өвчний өмнө сөхөрч, эдийн засаг нь ч хямарч байна. Энэхүү бодит үнэнийг ард түмэнд хэлэх ёстой. Ийм үед ноолуурын үнийг барих тогтоох ажил урьдчилан хэлэх аргагүйгээр өдөр өдрөөр өөрчлөгдөж байна” гэлээ. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг цар тахлаас сэргийлэх эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж, төлөвлөгөө боловсруулж ажиллажээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг нь коронавирус буюу цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулан, санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Англи зэрэг улс орнуудад 1-2 мөрдөх хуулиудыг баталж байгаа учраас ингэх нь зөв гэж үзсэн гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Өөрөөр хэлбэл, олон хүн цуглахыг хориглох, маскаа тогтмол зүүх хууль батлах аж.. 

Монголбанк, СЗХороо сүүлийн гурван сар идэвхтэй ажилласны үр днд 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрт хүрчээ. Тухайлбал,

-Түлш шатахууны үнэ хямд байгаа энэ үед үнэ тогтворжуулах урьдчилсан санхүүжилт хийж, ОХУ-ын нефть импортлогч нартай яриа хэлцэл хийсний үр дүнд хямд нефть импортлох гэрээг хэлэлцээд явж байна. Мөн “Алт” хөтөлбөрийг ОХУ-ын компанитай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа.

-Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчид, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг тусгай нөхцлөөр ипотекийн зээлээр дэмжих, санхүүжилтийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг Монголбанкинд даалгасан. Энэ нь барилгын салбарын 100 мянган ажлын байрыг ч мөн давхар хамгаална.

-ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулж тогтоох. 500 сая байсныг 300 сая болгож бууруулна.

-“Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Санхүүжилтийг дэмжиж, эрчимжүүлснээр төгрөгийн тогтвортой байдлыг хангана. Хөнгөлөлттэй санхүүжилт олгох.

-Татан буугдсан банкуудад байсан төрийн мөнгөний өрийг барагдуулах тусгай активын хороо буюу УЕП-ын газар, банкны эрх хүлээн авагч бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулна. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг сургууль хэлбэрээр улсын хэрэгцээнд ашиглах.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.83.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.