Өвөрмонголчууд түргэний машин, коронавирусийн оношлуур, шинжилгээний аппарат хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-11
БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсын Улаанбаатар хотод Сөрөг даралтын түргэн тусламжийн машин, шинэ коронавирусийн оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис, ариутгалын шингэнийг гардуулан өглөө. 
 
БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй: "Хятад, Монгол хоёр улс нь уул, усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд. Шинэ төрлийн коронавирусийн цар тахал эхэлсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар болон нийгмийн бүх салбар Хятадын цар тахалтай тэмцэх ажлыг янз бүрийн хэлбэрээр дэмжиж ирсэн. Ялангуяа бидний цар тахалтай тэмцэж байсан хамгийн хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлан ирж Хятадын ард түмэн цар тахалтай тэмцэж ялна гэдэгт баттай итгэж буйгаа илэрхийлэн дэмжлэг үзүүлсэн явдал нь Монгол, Хятадын ард түмний найрсаг, гүн бат найрамдалт харилцааны илэрхийлэл болсон. Монгол Улсад нөхцөл байдал тогтвортой, өвчлөлийн тархалтыг бага түвшинд барьж байгааг бид өндрөөр үнэлж, сайшааж байна. ӨМӨЗО-оос Монгол Улсад үзүүлж буй 2 дахь ээлжийн тусламжийг Улаанбаатар хотод өгч байгаа бөгөөд энэхүү түргэн тусламжийн тэрэг болон техник хэрэгсэл нь Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Монголын ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол, Хятадын найрамдал үүрд орших болтугай" гэлээ.
 
Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг: "Уушгины шинэ төрлийн хатгалгаа өвчний голомтод байсан иргэд, энэ өвчинтэй тэмцэж байгаа бүх шатны байгууллагууд, зоригт дайчид Та нартаа чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлж байна. ӨМӨЗО-ы ард иргэд болон бүх Хятадын ард түмэн анх өвчин илэрсэн цагаас эхлэн Ши Жиньпин даргын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор Намын төв хороо, Төрийн зөвлөл коронавирустэй тэмцэх ажлын хэсэг байгуулж, улс орон даяар бүх шатны байгууллага, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэн тууштай, шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлсний үр дүнд вирусийн халдвар авсан иргэдийн тоо буурч, эдгэсэн иргэдийн тоо улам бүр нэмэгдэж, шинэ төрлийн уушигны хатгалгааны тархалтыг зогсоох анхны ялалтаа байгуулсаныг бид баяртайгаар харж байна. Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд Монгол Улс хэзээд идэвх зүтгэлтэй оролцож ирсэн. Бид вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулт өвчинтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй өнө мөнхийн хөршдөө чин сэтгэлийн дэмжлэгийг үзүүлэхээр улс орон даяар “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аян өрнүүлж, төрийн албан хаагч, ажилчин, малчин болон хувь хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж хөрш орны ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байна. БНХАУ нь дэлхий нийтийн өмнө их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, нээлттэй  ил тод байдлаар вирусын халдварт хатгалгааны нөхцөл байдлын талаар мэдээлэл, туршлагаасаа хуваалцан вирусийн тархалт хурдацтай явагдаж байгаа улс орнуудад эрүүл мэндийн техник хэрэгсэл, эд, материал төдийгүй эмч нарын баг бүрэлдэхүүнээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархлыг хүлээж байна. ӨМӨЗО-оос Монгол Улсад орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн тэргийг хүлээлгэн өгч байгаа нь хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулж байгаа том хувь нэмэр, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд том түлхэц болсон үйл явдал юм. Монгол-Хятад хоёр улсын ард түмний эрүүл мэндийн төлөө бид бүгд хамтдаа хийж чадах бүхий л зүйлээрээ хувь нэмрээ оруулах болно" гэжээ.
 
Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй, Монгол Улсаа Хөх хотод суугаа ЕКГ-ын консул Б.Гантулга, ӨМӨЗО-ы Нарийн бичгийн дарга Бао Жэнь Юй, ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Ван Фан, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчинь болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.