АН-ынхан Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Болд нарыг урьж НЭР ДЭВШИХ ЭРХЭЭР ШАГНАЖ байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-14

Ардчилсан Намын Үндсэн бодлогын хороо өнгөрөгч Пүрэв гарагт цахимаар хуралдаж зарим томилгоо хийсэн билээ. Уг хурлаар намын генсек Ц.Тувааныг дэд даргаар томилсон бол НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм.  Харин өнөөдөр АН-ын генсек Ц.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, ардчиллын үйл хэргийн төлөө залуу насаа зориулсан журмын нөхдөдөө 2020 оны УИХ-ын сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэж оролцох эв нэгдлийн, ялалтын урилгыг хүргүүлж байна. Үүний утга учир нь 1996 онд АН анх удаа одоогийн МАН-ыг ялсан. 2000 онд ардчиллын төлөөх намууд тав салж сонгуульд оролцоод бүгд ялагдаж байсан. Тиймээс тусдаа нам байгуулаад гарчихсан, ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг намууд, лидерүүдийг ирэх сонгуульд хамтарч оролцъё гэж байгаа юм. Хамтарч гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш. АН-аасаа нэр дэвшиж, ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэн, 2016 оноос хойш хяналтгүйгээр, амлалтаа биелүүлэхгүй байгаа эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсооё. 

Тиймээс дөрөвдүгээр сарын 9-нд хуралдсан Үндсэн бодлогын хороогоор 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэх уриалгатайгаар оролцох болсноо зарласан. АН-ын урилгыг хүлээж аваад, нийлж нэгдээд явах хүмүүст үүд хаалга нээж байгаа гэдгийг шинэхэн генсек Ц.Баатархүү онцоллоо. 

Түүний ярианаас дүгнэвэл хууччуулаа цуглуулахгүй бол АН 2020 оны сонгуульд бүдрэхээр болоод байгаа аж. Тийм учраас АН-ын экс дарга Н.Алтанхуяг, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, Л.Болд нарыгаа урьж, намаасаа нэр дэвших боломжийг нь нээж байгаа гэнэ. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд намынхаа өнөөгийн удирдлагад тун шүүмжлэлтэй хандаж, хатуухан үг чулуудаж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад буй. Сар шинийн өмнөхөн Дээд шүүхэдд намаа бүртгүүлж, хувийн тоглолтоо эхлүүлсэн. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нараас харшилтай. Тэрч утгаараа АН-ын өнөөгийн дарга С.Эрдэнийг МАНАН бүлэглэлийн гар хөл гэж үзээд буй. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улстөрийн бодлогын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад өөрийн "вант улс"-аа байгуулсан. 2020 оны сонгууль шинэхэн байгуулсан "Ардчилал шинэчлэлийн нам"-аасаа нэр дэвших магадлалтай юм. 

Харин О.Баасанхүү гишүүний "ШИНЭ ХОЁР ГАЛЗУУ"-гийн намын гол хоёр лидер Ж.Батзандан, Л.Болд нарын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах АН-ын төлөвлөгөөнд намынхаа эсрэг кноп дарсан учраас С.Эрдэнэ даргын тушаалаар хөөгдсөн. Улмаар Хүүкийн гарыг атгаж, ханцуйндаа ах дүү нарынхаа эрх ашгийг зохицуулж, банк болон Элчин, консулийн асуудлыг нь шийдсэн. Улмаар С.Эрдэнэд гомдсон уурандаа нам байгуулаад амжсан. Тэд 2020 оны сонгуульд Буянгийн Жагаагийн Бүгд найрамдах нам, А.Отгонбаатарын "Үнэн ба Зөв нам"-тай эвсэж оролцохоо илэрхийлсэн билээ. 

Ямартай ч улстөрийн намд байх ёстой соёлыг Ардчилсан намыхан тогтоож чадсан. Хариуцлага алдсан гишүүнээ хөөж, намаа цэвэрлэж болдог гэдгийг харуулсан. Гэвч хөөгдсөндөө гомдсон улстөрчид  шарандаа нам байгуулж, АН-ын хүчийг царамдуулж байна. Хэзээнээсээ дотооддоо түгжилддэг АН-ынхан энэ удаад хөөсөн нөхөд өө уучилж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээр шагнаж, урьж байна. Сөрөг хүчний урилгыг сөрүүлсэн нөхөд зөвшөөрөх болов уу...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.