Н.Алтанхуяг: Би Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөнө. Гэхдээ 100 саяыг төлөхгүй ээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-17

Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэрбээр "Монголын ирээдүй, Монголын ардчилал, тэр дундаа Ардчилсан намд маш том аюул нүүрлэж буй тухай сүүлийн хоёр жил тасралтгүй хэлж, сануулж, засах гэж оролдсон. Гэтэл сайжрах нь битгийн хэл улам дордож буй тул өнөөдөр дахин хэлье. Корона, сонгууль хоёр өдөр бүр "өрсөлдөж" буй энэ өдрүүдэд иргэд маань УИХ-ын гишүүн болох хүсэлдээ шатсан нам болоод горилогчдын "галзуурсан тоглолт"-ыг өдөр бүр үзэж байна.

Уг нь аль нам ялах вэ гэдгээс илүүтэй өнөөдөр ард түмний амь нас, эрүүл мэнд нэгдүгээр асуудал юм аа. МАН дөрвөн жил засаглахдаа засгаа хоёр сольж, улсын өрийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ. 60 тэрбумынхан, ЖДҮ-чдээ хариуцлага тооцож чадахгүй байгаа 65 суудал авчихаад юу ч хийж чадахгүй байгаа МАН-ынхан сонгуулийн сургаар гэнэт ингэж, тэгэж мандуулна гэх юм. Одоо хэн ч итгэхгүй дээ. 60 тэрбумын толгойлогчид нь ялгүй өнгөрч, МАН-ынхан 60 тэрбумаараа сонгуульдах уу? Эсвэл ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг нь худал болж, төсвийн мөнгөөр сонгуульдах гэж байгаа юм уу? 

Нөгөө талаас МАН-ынхан маань Ардчилсан намыг нэр хүнд нь унасан С.Эрдэнэ даргатай нь сонгуульд оруулахаар чармайж байна. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр С.Эрдэнэ ч дуугарах бүрдээ намынхаа нэр хүндийг улам унагаж, өнөөдөр Ардчилсан нам маань нам биш, төрийн эрх мэдлийн төлөөх хар зах болон хувирлаа. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар Ардчилсан намд мөнгөний босго тавьж, мэдлэг чадвартай Монголоо хөгжүүлэх сэтгэлтэй шударга гишүүд, залуусын нэр дэвших боломжийг хааж байна. Тэд газрын баялаг, газар дээрэмдэн баяжсан МАНАН мафид Ардчилсан намыг хаяж өглөө. Тэдний мөнгөнд барьцаалагдсан УИХ-ын гишүүдтэй болж болохгүй ээ Монгол улс!!! 

Өнгөн дээрээ С.Эрдэнэ сүг болж үнэн хэрэг дээрээ Ардчилсан намыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн амиа хоохойлохын тулд дахин энэ намын тоглоомын нам бүр түүний хонгилын гардан гүйцэтгэгч болсон Б.Хурц АН-аас хэн нэр дэвшихийг заагаад сууж байна. Одоо больцгоо. Ардчиллаа бод, Ардчилсан намаа бодоод, улс эх орныхоо маргаашийн эрх ашгийг бодоод Ц.Элбэгдоржийн тоглоомоос гар аа, С.Эрдэнэ ээ. Н.Алтанхуяг өөрөө Ардчилсан намдаа байгаа. Гэхдээ 100 сая төгрөг тушаагаагүй ээ. Би энэ намыг 6 жил удирдаж, намынхантайгаа хамтран 5 ялалтыг байгуулж, өөрчлөлт шинэчлэлт хийж, бүтээн байгуулж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах тэр цаг хугацааг наашлуулахын төлөө зүтгэж явсандаа баярладаг юм аа.

Ардчиллаа хулгайлуулж, Ардчилсан намаа дээрэмдүүлэхгүй гэж би тууштай зүтгэсэн. Гэвч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчийн үлгэр боллоо. Гэтэл хэсэг чимээгүй байсныг минь далимдуулан С.Эрдэнэтэй 20,30 суудал тохирч дуугүй болсон гэж гүтгэлээ. Би ийм арилжаа наймаа хийдэг хүн биш ээ. С.Эрдэнэтэй намын дарга болсноос хойш 2 жил гаруй уулзаагүй ээ. Төгсгөлд дахиж сануулж хэлэхэд Монголын баялгаар хөлжсөн МАНАН бүлэглэл нураагүй байна. 

Шударга ёсыг тогтоож, байгалийн баялагтаа эзэн болж, дундаж давхаргаа босгоцгооё" хэмээн ярьсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.