А.Отгонбаатар: ЧИНЭЭЛЭГ АМЬДРАЛТАЙ НЬ БУС ЧИН СЭТГЭЛТЭЙ НЬ НИЙГМИЙГ ӨӨРЧИЛНӨ
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-04-17
“Улстөрч” сэтгүүлийн “Манлайлагч” булангийн зочноор “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар оролцлоо.

-Манлайлал гэж таны бодлоор юуг хэлэх вэ?. Та манлайлагч мөн үү?

-Манлайлал гэдэг бол үлгэрлэл. Хий хоосон үглэдэг хүнийг хэлдэггүй. Харин өөрөө дунд нь ороод, биеэр үлгэрлэхийг хэлдэг. Үлгэрлэдэг хүнийг бусад нь дагадаг. Жишээ нь хонь саа гэж хашгирдаг биш, өөрөө хонио саагаад, түүнээсээ аз жаргал авах. Айл гэрт ээж хамгийн шилдэг манлайлагч нь байдаг. Манай намын үзэл баримтлал ерөөсөө энэ. Гэр хороололд амьдардаг нэг залуу бусдыгаа үлгэрлээд хэнийг ч гуйхгүйгээр улс төрийн нам байгуулаад, нийтэд танигдаад явж байна. Гэтэл надаас илүү залуус яагаад үлгэрлэхгүй байна вэ гэдэг нь сонин. Би  өөрийнхөө чадах хэмжээнд бусдыгаа манлайлаад л явж байгаа.

-Амьдралдаа авсан сургамжтай зүйл юу вэ?

-2013 он ХААИС-д албаны дарга хийгээд сууж байхад Онги голын Мөнхбаяр тэргүүтэй ах нар гудамжинд буу зэвсэгтэй гарч ирээд “Залуучууд хаана байна, яагаад тэмцдэггүй юм бэ” гээд орилж эхэлсэн. Тэгэхэд би энэ хүмүүсийн хайгаад байгаа тэр залуучуудын төлөөлөл нь яагаад би байж болдоггүй юм бэ гэж бодоод бүх зүйлд оролцож эхэлсэн. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэдэг. Би монгол улсыг өөрчлөх гэж яваа залуу үеийн төлөөлөл мөн. Үүндээ бардам байдаг. Нэг ч хүнийг А.Отонбаатарыг дэмж гэж хэлэхгүй. Харин түүн шиг хөдөлмөрч, тэмцэгч бай л гэж хэлье. Над шиг хөдөлмөрч мянга, мянган залуучуудыг бий болгож гаргах ёстой.  Ээж минь надад хэлэхдээ “миний хүүг хэн ч муулж болно. Харин тэднээс илүү хөдөлмөрч байгаарай” гэж захисан. Би тэр ёсоор нь хөдөлмөрлөж л явна.

-Сүүлийн үед улстөр дэхь оролцоогоор нь манлайлагч гэж дүгнэж ярих гээд байдаг болж. Та юу гэж боддог вэ? Ер нь улстөрчид эцсийн цэг байхгүй юм шиг санагддаг?

-Улс орны хөгжил мөнхийн цаг хугацаан дунд байдаг учраас улстөрч хүнд эцсийн цэг гэж байдаггүй. Чингис хаан үр хойчоо олон жил аз жаргалтай, энх тунх амьдраасай гэж бодож их үйлсийг эхлүүлсэн. Гэтэл тэр хүний эцсийн цэг өнөөдөр тогтоогүй л байгаа. Үргэлжлэл гэж бий.

-Таныг зоригжуулж, урам өгч байсан ялалт юу вэ?

-Би таван хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Манайх сумдаа нэн ядуу амьдралтай. Их сургуульд ороход төлбөр мөнгөний асуудал үүссэн. Би ерөнхий сайдын, аймгийн Засаг даргын, Захирлын нэрэмжит гээд олон тэтгэлэгт хамрагдана. Тэр бүхнийгээ шийднэ. Оюутнуудын хурал цуглаан, тэмцээнд идэвхтэй оролцоно. Шударга бус зүйл гарвал шууд хэлчихнэ. Би тасралтгүй тэмцсэн. Энэ бол миний ялалт. Монгол муухай гээд гадагшаа явдаг хүмүүст би Монголын муухайг засахын тулд хөдөлмөрлөж, тэмцье гэж хэлдэг. Миний амьдралын зарчим энэ.

-Бусдад хэр атаархдаг вэ. Танд атаархахыг яаж хүлээж авч байна?

-Атаач хүн бол зовж явдаг хүн. Яагаад гэвэл хүний амжилтанд өөрийгөө зовоодог. Би шартай хүн. Бууж өгөхийг хүсдэггүй. Хор шартай гэвэл өөр, муу санахыг хэлэх байх. Миний бүтээмж, оролцоо бол хүн төрөлхтнөөс өөрийг бүтээх явдал.

-Хүн өөрийгөө олохоороо шуналгүй болдог, гэгээрдэг гэдэг. Та хэр шуналтай вэ?

Хүн шуналтай байх ёстой. Номонд бичигдсэн амьдрал, хүний бодит амьдрал ондоо. Чи зүтгэлтэй бай. Зөв зүйлийн төлөө тэмц. Би бол хоёр охиныхоо ирээдүйн амьдралын сайн сайхны төлөө зөв үйлст шуналтай байхаас аргагүй.

- Эрчүүд бол төрөлхийн манлайлагч шинж чанартай...?

-Нэг зүйлийг тодотгоё. Манайхан манлайлагч, удирдагч хоёрыг адилтгаад байдаг. Тийм биш. Манлайлагч гэдэг бол сайн чиглүүлэхийг л хэлээд байгаа юм. Манай намд тухайлбал би сайн чиглүүлэгч нь мөн. Зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Манай улсад зохицуулдаг хүн байхгүй. Дандаа удирддаг, ширүүн харцтай дарга нар байдаг. Өдий хүртэл миний чадсан хамгийн сайн зүйл бол зохицуулагч л юм даа.

-Зориг, тэвчээр хоёрыг хослуулалгүйгээр шинэ зүйл эхлэх хэцүү. Ялангуяа улстөрийн нам байгуулахад амаргүй. Танд энэ хоёр чанарын аль нь түлхүү нөлөөлсөн бэ...?

-Энэ ёстой гоё асуулт байна. Би эхлээд зоригтой байсан. Зоригтой байхаар тэвчээр аяндаа суудаг юм билээ. Дан ганц зориг эрсдэлтэй. Одоо тэвчээртэй болж эхэлж байна.

-Та улстөрд ирж байгаа залуу үе. Таныг ах нар чинь хүлээн авахдаа ямар байна вэ?

-За мэдэхгүй. Би өөрийгөө гарч ирсэн гэж хэлж мэдэхгүй байна. Хүмүүс хөдөлмөрч хүнд дургүй болсон нийгэм. Нэг жижигхэн түүх надад байдаг юм. ХААИС-д сурч байгаад нэг тариалалтын талбайд дадлагад гарсан юм. Яваад очтол машин орох боломжгүй. Би нөгөө компанийн захиралд хэлээд хаалгыг засаад өгсөн. Тэр өдрөө мартчихсан. Тэгсэн компанийн захирал ажилчдаа дуудаад сэтгэлгүй байна, хашааны хаалга зассангүй. Гэтэл дадлагын залуу үүнийг засчихлаа гээд загнасан байна. Орой нь гэртээ ирээд амарч байтал нөгөө тариалангийн талбайд ажилладаг ах нар согтуу манай гадаа ирчихсэн намайг дуудаж уулзаад “Чамаас болж бид загнууллаа. Чи яасан их зүйл рүү үсэрч ордог юм” гээд зодох нь ээ... Би оролцоотой байсныхаа төлөө тэгж ад үзэгдсэн. Бид хөдөлмөрч, оролцоотой хүмүүсийг илүү дэмжиж, ойлгож, хайрлах ёстой.

-2020 он онцгой жил. Та энэ оныг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Би 2020 он бус шинэ жаран гэж хүлээн авч байгаа. Өнөөдөр төрж байгаа хүүхдүүд 60 жилийн дараа өнөөдрийнх шиг хараал идсэн нийгмийг битгий туулаасай. Монголчууд ярьдаг шүү дээ. Таван хулгана жилийн нэг хулгана жил нь заавал төгөлдөр сайн жил болдог гэж. Тэр нь энэ жил байгаасай. МАН, АН-ын биш өөр хүн сонгоход л одоо байгаагаасаа өөрчлөгдөнө. Ийм л сонголтыг ирэх зургаан сард хийгээсэй. Тэгвэл болох нь тэр.

-Танай нам тухайлбал МАН, АН-аас юугаараа илүү вэ?

Манай нам дүрэмгүй. Гудамжных. Огт мөнгөгүй. МАН, АН-ынхан баахан сэтгүүлчид цуглуулаад, зангиатай дарга нар ярьдаг. Манайхан утасныхаа датаг ашиглан лайв хийгээд л болоо. Энэ нийгмийг өөрчлөх гэж байгаа хүнд чинээлэг амьдрал бус, чин сэтгэл хэрэгтэй гэдгийг харуулж байгаа. Намайг хүмүүс “Чам шиг муу юм улстөрд орж яадаг юм” гэж шүүмжилдэг. Та тэгвэл надаас ухаантай юм бол улстөрд ороод, тэмцээд яв л даа... Тэгэхгүй бол над шиг муу хүн энэ улстөрд явж л таараа. Улстөрийг удирдаж, улс орноо өөрчилье гэвэл та оролцоотой, идэвхтэй бай.

-Улстөрийг мөнгөгүй хийх нь зөв шиг санагддаг. Таны хувьд ямар арга хэлбэр сонгож байна вэ?

-Би улстөр хийгээгүй, нийгмийн зүтгэлтнийхээ хувьд л оролцоотой явж байгаа. Улстөрийг хийх гол арга зам бол хууль санаачлах, бодлого гаргах. Ийм эрхтэй болгохын тулд л одооноос зүтгэж, бэлдэж байна.

-Баячууд улстөрд орвол хулгай хийхгүй, дундаж давхаргынхан орвол хулгай хийнэ дээ гэдэг үзэл байдаг. Улстөрийг хэтэвчний зузаан нимгэнээр дүгнэж болох уу?

-Улстөрийг хэтэвчээр бус, тархины нугалаагаар л хэмжих ёстой. Баячуудыг хулгай хийдэггүй гэж бодож, итгэж болохгүй. УИХ-ын 50 гишүүн ард түмнээсээ хулгай хийчихсэн шүү дээ. Шударга хүн, сайн хуулийг орлоно гэсэн үг байдаг. Хулгайчдыг цэвэрлэх ганц боломж ард түмэнд олдож байна. Энэ эрхээ эдэлье. Ард түмэн хаан гэдэг чинь худлаа. Хаан хүн хэзээ саналаа чихрээр, мөнгөөр, гурилаар худалддаг байсан юм. Хаан шиг хаан бай л даа. Мөнгө биш, улс орныхоо эрх ашгийг сонго л гэж хэлье.

-Залуучууд залуучуудаа хэр дэмжиж байна вэ?

-Нэг үеэ бодвол сайн болсон. Хэзээ ч хэнийг ч юу ч хийсэн хэн ч хүлээн авдаггүй. Үр дүнд хүрчихвэл хүлээн зөвшөөрдөг. Алдвал би хэлсэн биз гэж бахаа хангадаг. Би хүмүүсийн ухаалаг шүүмжлэлийг хүлээж авна. Муулаад байх болгонд нь гоншгонох шаардлага байхгүй.

-Таны ямар чанарыг хүмүүс олж хараасай гэж боддог вэ?

-Хөдөлмөрч, зүтгэлтэй чанарыг минь л олж үнэлээсэй гэж болно. Өөрөө хөдөлмөрч, зүтгэлтэй хүн хол явахын тулд, байнга ажиллахын тулд ийм тэнэг хүмүүсээр удирдуулахгүй, өөрөө чиг замаа гаргахыг оролдоно шүү дээ.

-Саяхан нэг улстөрч МАН залуучууддаа зам тавьж өгдөг, АН чаддаггүй гэж ярьсан байна лээ... Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ? Танд хүн зам тавьж өгвөл та алхаад дээшээ гарахад бэлэн үү?

-Улстөрд хэзээ ч тийм юм байдаггүй юм. Харин би тэр хүний урд гарч, амжилт үзүүлэх юм бол тэр өөрийгөө мэдрээд бууж өгөх ёстой. Олимпийн тамирчид хэзээ өө энэ удаа дүү чи түрүүл би болилоо гэдэг байсан юм бэ. Улстөр бол сонирхож байгаа хүмүүстээ олимп шүү дээ. Надад амттай ялалт хэрэгтэй. Хэн нэгнээр зай тавиулаад алхаж орох нь надад амтгүй. Тэмцэж байгаа ах нарыг ялахын тулд би илүү их тэмцэх хэрэгтэй. Энэ ах нар суудлаасаа салахгүй байгаа нь бүүр гоё.

-Та өөрийгөө улстөрч биш, нийгмийн зүтгэлтэн гэлээ. Хэр шударга вэ?

-Тэрийг хэлж мэдэхгүй. Ер нь намайг дэмжээд яах юм бэ... Улсыг өөрчлөхгүй. Харин Отгонбаатар шиг хөдөлмөрч, тэмцэгч, оролцоотой мянга мянга залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй. Би туйлын нэр хүндтэй байгаад шаардлагагүй. Булан тойронгуут “тоосогдоно”. Тийм учраас намайг дэмжихийн оронд над шиг мянга мянган залуучуудыг дэмжээд гаргаад өг. Тэгвэл бид хамтраад улс орноо хөгжүүлэхэд асуудал байхгүй. Хоёрдугаарт би өөрийнхөө амь насыг дээсэн дөрөөн дээр тавьж болохгүй. Би шударга болох тусам амь эрсдэх боломж тийм хэмжээгээр өндөр болно. Хоёр охинтой хүн чинь үхэж болохгүй биз дээ. Бодох л асуудал.

-Нийгмийн зүтгэлтнүүд, хөдөлгөөнийхөн ШУДАРГА ЁС гэдэг ярьдаг. Таныхаар үүнийг юу гэж ойлгох вэ?

-Шударга ёс гэхээр тэгш боломж гэж яриад байгаа юм. Нэг жишээ татъя. 20 мянган төгрөгийг хоёр хүнд 10, 10-аар нь хуваагаад өгье. Гэтэл нэг нь архи авч ууна. Харин гурил авах хүний мөнгө дутна. Тийм учраас хоёуланд нь биш аль хөдөлмөрлөж байгаад нь 20 мянгыг өг. Энэ бол шударга бус боловч зөв үр дүн. Амьдралын төлөө тэмцэж байгаа залуу гэр бүлээ дэмждэггүй мөртлөө, архи уудаг хүмүүст хүнсний талон олгодог төртэй байгаад яах юм. Тэмцэж байгаад нь боломж олго. Хөдөлмөрөөрөө баяжсан иргэдтэй улсыг бүтээнэ гэж мөрөөдөх ёстой. Харин хулгайлсан баячуудыг шоронд хийх ёстой.

-Шударга ёс, зарчим хоёр нэг шугаманд таарах уу?

-Шударга ёс гэдэг бол шоу үг. Харин би зарчмыг дэмждэг. Хуулийн хувьд Эрдэнэт үйлдвэр Монгол улсын мэдэлд ирсэн нь маргаантай, алдаатай байна. Харин зарчмын хувьд Эрдэнэт үйлдвэр монгол улсад ирсэн нь зөв. Нийтээрээ жаргаж чадахгүй шударга ёсоор яах юм бэ... Түүний оронд жаргаж чадах шударга бус нийгэм хэрэгтэй л байна шүү дээ. Улстөрчид шударга ёс гээд ярьдаг. Улстөрч хүний хамгийн гол зэвсэг бол ам шүү дээ. Ярьж чаддаг хүмүүс аугаа түүхийг бүтээж өөрчилж чаддаг. Мартин Лютер Кинг, Махамата Ганди гэх мэт. Ярьдаггүй удирдагч гэж хаана ч байхгүй.

-Улстөрчид олон төрлийн авъяастай байдаг. Надад тэр авьяас нь дутаад байна даа гэсэн зүйл танд байдаг уу?

-Царай зүс, гоё бие хаа хэрэгтэй байна.  Ядаж жаахан өндөр байсан бол хол явах байж гэж боддог. Улстөрч гэж хэнийг хэлэх вэ гэхээр дутуу дулимагийн мэдрэмжтэй хүнийг хэлдэг гэсэн үг байдаг.

-Танд айдас байдаг уу?

-Сайхан нийгэм, зөв үлгэрлэл үзүүлэх гэж хөдөлмөрлөж, оролцож байгаад гэнэтхэн алуулчих вий дээ гэж айдаг. Хоёр охиныхоо сайн сайхан явахыг үзмээр байна. Ядаж зорилгоо биелүүлчихвэл ч яахав. Надад нэг хүн “Ах нь чамайг дэмждэг шүү. Болгоомжтой яваарай” гэхээр нь “Ах аа улстөр хийгээгүй залуучууд ч үхэж байна ш дээ. Улстөр хийж байгаа нь үхдэггүй ш дээ” гэж хэлсэн.

-Залуучууд зарим нь хөдөлмөрлөж байхад зарим нь зүгээр суугаад санаа хулгайлдаг. Амжилттай яваа нэгнийхээ амжилтаас хойш татдаг үзэгдэл байдаг. Энэ мэт төвөгтэй байдлаас та яаж өөрийгөө авч гардаг вэ?

Бурхны хамгийн том шийтгэл бол мартах байдаг гэнэ. Яг түүн шиг би мартчихдаг. Ер нь өөрийгөө ойлгодог хүнийхээ хажууд бай. Чамайг ойлгохгүй, зөрүүдлээд байвал шууд хая. Тэдэнтэй маргалдаад, стресдээд байх шаардлага байхгүй. Амжилттай явахад хүн бүхэн чамайг дагана. Унахад чинь дэвсээд, гишгээд явна. Яг ядарсан цагт л жинхэнэ хань найз, итгэх хүн дэргэд үлддэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.119.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.