10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээлээ
Үйл явдал
/
2020-04-18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр дээр стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнес/, иогийн клуб, 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээлээ. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллахыг Хотын дарга захирамждаа дурджээ.

Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон юм.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Засгийн газраас нийслэлд ирүүлсэн амралтын газар, фитнес заал, сауны үйл ажиллагааг нээх чиглэлийн хүрээнд НОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаа тооцоо, тоон баримтад үндэслэн хэлэлцсэн.

Хэдийгээр коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч олон хүн нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх үүрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн билээ.

 

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.