АРДЧИЛАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД…
Үйл явдал
/
2020-04-21

Эхэнд нь Үг байсан, үг нь бурхан байсан гэнэм
Энийг өөрчлөх гэж хэдийнээ будилж

Энгийн сүнс надад юу гэхийг хэлж өглөө
Эхэнд нь ҮЙЛ байсан гэх нь зөв юм байна
“Гёте, Фаус зохиол ”

Эмгэнэлт зохиолын эхлэл хатуу амьдралаас эхэлдэг шиг Ардчилал анх бидэнд зовлон, хүйтэн хоёроос иржээ. Тал нутгийн жаргал, дулаан хоёр нь богино юм.

Ардчилал гэх үг нь ХҮН БҮР АДИЛ ТЭГШ ЭРХТЭЙ гэсэн утгатай. Энгийн энэ ойлголтыг худалч, хулгайч, бэртэгчин, долдой нар өөр өөрийнхөөрөө тайлбарлах нь талын Монголд ихэслээ.

Тэдний авилгал, далд бизнесээр улс төрийн намыг колоничилж, эрх мэдлээр улсаа дээрэмдэж байгаагаа Ардчилал гэх нь Коммунистууд ажилчин анги засаглах нь Ардчилал гэж тайлбарлахтай адил утгагүй үгс юм.

Ардчилал бол мөнгө биш ҮЗЭЛ САНАА, эрх мэдэл биш ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, энгийнээр АМЬДРАХ АРГА ЗАМ.

Ардчилал хүнийг баяжуулах үүрэггүй, тансаглуулах өргүй, олонхийн засаглал гэхээс олонхи нь хүлээн зөвшөөрөх арга зам.

Ардчилалыг зарим нь Хүний эрх, зарим нь Индиудилизм ба либериализм, зарим нь Чөлөөт худалдаа ба зах зээл, зарим нь Сонголт хийх боломж гэж ойлгодог. Энэ бүхэн нь өргөн утгаараа бол Ардчилал нь дээрх бүх нөхцлийг хангах институцуудын бүрдэл болсон АМЬДРАХ АРГА ЗАМ мөн.

Гэхдээ Ардчилалыг дан ганц үгээр илэрхийлвэл өрөөсгөл. Харин ҮЙЛээр баталгаажуулах ёстой. Гэтэл ҮЙЛ нь амьдрал дээр нэг нь нэгнийхээ боломжийг эрх мэдэл, авилгалаар дээрэмдэж байна. Тиймээс ХҮН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ гэдэг зөвхөн үг төдий л байна.

Өнөөдөр бидэнд жинхэнэ Ардчилсан төр хэрэгтэй. Жинхэнэ Ардчилсан төр гэдэг улс төрчид сонгуулиар ирсэн ч, явсан ч институцийнхээ хувьд мөнх орших логик юм.

Ардчилсан төрийн амин сүнс нь нээлттэй байдал. Нээлттэй бүхэн ил учир өөрөө өөрийнхөө алдааг засдаг эвдэршгүй систем гэсэн үг. Харин хаалттай бүхэн цаанаа тодорхойгүйн бухимдал үүсгэдэг тул нэг өдөр сөнөх тэсрэх бөмбөг юм.

Гэтэл Нээлттэй Ардчилсан төр бүрэлдэх хамгийн том дайсан нь популизм болжээ.

Үүний гороор үндэс суурьтай мэтгэлцээн өдрөөс өдөрт цөөдөж, ул суурьтай ухаантнууд жилээс жилд цөхөрч, олонхид таалагдах уралдаан олонхын дарангуйллыг авчирсаар. Элитүүд, инженерүүд, технологичид, философичид, сэтгэгчид аниргүй.

Боловсрол, Боловсрол, Боловсрол чухал гэж орилох нэгэн ачир дээрээ сэтгэл хөөргөсөн уриа, хэвлэлд зориулсан манипуляци, нүд хуурах дипломыг Боловсрол гэж ойлгожээ.

Ардчилалын амин сүнс нь боловсрол, мэдлэгтэй хэсэг нь боловсролгүй ядуу хэсгээ засаглахад оршихгүй. Харин хүн бүр адил тэгш гэдгийг ухамсарлах юм.

Ардчилалын амин сүнс нь нийгмийн дэг журмыг сахиулж, хуулийг мөрдүүлэх биш. Харин хүн бүрийг дүрслэгч, бүтээгч гэдгийг ухамсарлах, хамгаалах юм.

Бид Ардчилалаа
Эзэмших
Жолоодох
Хэлбэрдэх бус хэлбэрэлтгүй байх
Ойлгох биш ухамсарлах
Амтлах бус амтагдах
Цаг болж
Цаггүй болж

Зохиомол иргэншилд дасах гэж, баян ядуу, боловсролтой боловсролгүй хэн бүхэнд таалагдах гэж, тамираа барж, тамтагаа маажих нь Ардчилал биш. Хүн байх нь Ардчилал.

Хүн байх суурь зарчим нь хүн өөртэйгээ хамаатай асуудалд оролцож чаддаг байх, асуух зоригтой байх, хариулт нэхдэг байх юм.

Үүнийг ҮГ гэхгүй
ҮЙЛ гэнэ
ҮГээр илэрхийлэгдэх зүйл
ҮЙЛээр баталгаажихыг эхлэл шигээ төгсгөл
Төгсгөлгүй эхлэл гэнэ

Буянаагийн Ган-Очир
2010.04.20

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.249.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.