Ж.Энхбаяр: Маск зүүгээгүй иргэнээс өндөр торгууль авна. Эсвэл баривчилна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-21

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн. Мөн коронавирустэй холбоотой бие даасан хууль батлахтай холбоотойгоор төслийн талаар санал солилцсон. Цаг үеийн асуудал болон ноолуурын үнэ, хаврын тариалалтын бэлтгэх ажлыг хангах чиглэлээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн” гэлээ.

Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг хуулиудыг хэлэлцэх шаардлагатай учраас тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн байна.

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР:

-Коронавирусийн халдвар цар тахалтай холбоотойгоор нэг удаагийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль хорио цээрийн дэглэм тасарсан өдөр хүчингүй болох юм. Өнгөрсөн хугацааны үйл явдал, туршлага, олон асуудлыг дүгнэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд тодорхой хязгаарлалт хийх зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт юм. Гол зарчим нь Засгийн газарт онцгой үүрэг өгч, холбогдох албаныхны үүрэгжүүлж, тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах зэрэг асуудлыг хуульд тусгасан. Ялангуяа Монгол Улсад УИХ-ын сонгууль зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэх хууль юм. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон аж ахуй нэгж, иргэдийн эрх үүргийг зааж өгч, хариуцлагын асуудлыг чангатгасан. Хүний эрх зөрчигдөхөөс, зүй зохисгүй халдах, арьс өнгөөр ялгаварлахгүй байх зэргийг бодлогын хувьд тусгасан. Хэвлэл мэдээллийн гол үүрэг нь иргэдийн эрхийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтаа алдах үед маш сайн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хуульчилсан. Хуулийн төслийг бүлэг мөн дэмжиж, онцгой горимоор хэлэлцэнэ гэлээ. Мөн тэрбээр маск зүүхгүй байгаа иргэдээс өндөр торгууль авч, болохгүй бол эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцоллоо

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.