Манай улс сэтгүүлчдийг ТАГНАЖ ЧАГНАЖСАН, БИЕД НЬ ХАЛДСАН үзүүлэлтээр гурван байр ухарч 73-т бичигджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-22

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексийг өнөөдөр орон даяар танилцуулж байна. Өнгөрсөн онд нэг байр урагшилж, 70-р бичигдэж байсан Монгол Улс энэ жил гурван байраар УХАРЧ, 73-р бичигдсэн байна.  2019 оны тухайд Монголын хэвлэл мэдээллийн орчин ерөнхий байдлаараа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил нь төвлөрч, улс төрийн оролцоо нэмэгдэж байгааг тодотгож байв. 

Харин 2020 оны индексийн тухайд ямар шалтгаанаар гурван байр ухраасныг тодорхой тайлбарлаагүй ч  "Сэтгүүлчид нь суурь эрх зүйн баталгааныхаа ачаар эрх баригчдаас ирэх дарамтыг давж байгаа" хэмээн дурджээ.

Товчхондоо Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэрэгждэггүй, "Мэдэгдэхүйц асуудалтай" хэвээр байна. 

2020 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексийн Ази Номхон далайн бүсийн тайланг хүргэж байна. Учир нь Монгол Улс багтдаг энэ бүс нутаг 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо нь хамгийн ихээр буюу 1.7 хувиар нэмэгдсэн бүс нутгаар бичигджээ. 

Ази-Номхон далай – Хэт хяналт ба үндсэрхэг популист хэтрүүлэг

Одоогоос 10 жилийн тэртээ Ази болон Номхон далайн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний талаар эерэг итгэл тээж болох байв. Гэвч өнгөрсөн онуудад ардчилсан бус, тоталитари практикийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн сэтгүүлчдийн эсрэг үзэн ядалтыг түгээсэн популист үзэл гаарч, хэвлэл мэдээллүүд хэт туйлширсан нь огцом доройтлын эхлэлийг тавив. Товчхондоо, энэ бүс нутаг асар хүнд бэрхшээлтэй нүүр тулаад байна 

Тролл арми

Хараат бус хэвлэлийг жигшин зэвүүцэх үзэл санаа нь мэдээллийн дайны гол талбар болоод буй интернэт орчинд ч өөрийн орон зайг аль хэдийн олоод байна. Сэтгүүлчдийн эсрэг биет халдлага нь ихэнхдээ тролл арми болон хандалт цуглуулах фермүүдийн үйлддэг цахим заналхийлэл дагасан, эс бөгөөс түүнээс улбаалсан байдаг. Азийн орнуудад эдгээр цахим арми нь онлайн дахь хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэгээр тэжээгдэж, дур зоргоороо аашлах үндэсний-популизмын сумны зэв болж байна.

Энэхүү тун ярвигтай нөхцөл байдалд хэвлэл мэдээлэл нь ардчилал үндсэн зорилгоороо ажиллах бололцоог хангахад дээд зэргийн шийдвэрлэх үүрэгтэй, нэн ялангуяа сонгуулийн үед. Үүний нэг жишээ бол Индонезийн (5 байр ахиж 119-рт) ерөнхийлөгч Жокови улиран эрх барих энэ хугацаандаа хэвлэлийн эрх чөлөөг анхааран ажиллаж байна.  Сонгуулийн санал хураалтаар засгийн газартаа сэлгээ хийвэл сэтгүүлчдийн нөхцөл байдлыг дээшлүүлж, өөрийн цензурыг халахад эерэг нөлөө үзүүлдэг болохын баталгаа нь Малайз (22 байр ахиж 101-рт) болон Мальдив (19 байр ахиж 79-рт) байв. Энэ ч утгаараа тэд бүсийн хэмжээнд хамгийн том үсрэлт хийсэн орнууд боллоо.    

 Шинээр гарч ирж буй ардчилсан орнууд болох Бутан (13 байр ахиж 67-рт), Зүүн Тимор (6 байр ахиж 78-рт) болон Самоад (1 байр ахиж 21-рт) хэвлэл мэдээлэл өөрсдийн хүчээр томоохон тоглогчийн байр сууринд очжээ. Төрийн зүгээс шүүмжлэлт хэвлэл мэдээллийг үл тэвчих байдал нэмэгдэж буй Фижи (52-рт), Монгол (3 байр ухарч 73-рт) зэрэг орнуудын сэтгүүлчид нь суурь эрх зүйн баталгааныхаа ачаар эрх баригчдаас ирэх дарамтыг давж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.