Амьдрал, Ардчилал, Алдаа гурвын дунд бүдэрч, тодорч яваа Д.Мурат
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-25

Монгол улсын үндэсний цөөнхийн гол төлөөлөл болсон Баян-Өлгий аймгаас төр түшилцэж, бодлого боловсруулалцаж яваа гурван эрхэмийн нэг нь Дакейн Мурат гишүүн. Нэг хэсэг асуудалд орж, бүрэн эрхээсээ түтгэлзэхэд хүртэл тулж, сандарч явсан удаа мань эрд бий.

Тэр бол алдаа оноон дундуур тодорч нэг, бүдэрч, бүдгэр ч яваа хүн. Эр хүний хувьд тийм ч гайхуулаад, сайшаагдахаар намтарыг бүтээж чадсангүй. Түүний нэр холбогдсон хэргийг хүн бүхэн мэдэх учраас энд дахин “улиглах нь” илүүц биз.

Дакейн Мурат гэж яг хэн бэ... Тэрбээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн.  Д.Мурат нь 1984 онд цэргийн албанд татагдаж Сэлэнгэ аймагт Орос-Монголын найрамдлын хил дээр олон улсын галт тэрэгт шалгагч, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн ЗХ-ний нууц зэрэглэлийн ачаа хүргэлтийн харуулын даргаар тус тус томилогдон 4 гаруй жилийн хугацаанд алба хаасан юм. Тэрээр эр цэргийн албыг нэр төртэйгээр хааж ЗХУ-ын хоёр удаагийн “Онц хилчин” тэмдэгээр шагнагдаж байжээ. 2007 онд Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургууль, үйлдвэрийн дулааны инженер мэргэжилтэй нэгэн юм. 1987-1989 онд Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникч, 1989-1995 онд "Талап хоршоо”-ны захирал, 1995-2006 онд "Жанат” ХХК-ийн захирал, 2006-2016 онд "Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захиралаар ажиллаж байсан.  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан.

Д.Мурат АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн. Өлгийд хэвлэх үйлдвэрт ажиллаж байх үед Ардчилсан холбоо байгуулагдаж, үйл хэргээ эхлүүлэхэд нь уриа лоозонг нь хэвлэж өгч явсан бөгөөд нэг хэсэг ардчиллын үйл хэрэгт оролцож байжээ. Анх  27 мянган төгрөгөөр “аавын цээж” буюу УАЗ машин худалдан авч унаад, тэвшин дээр нь “Хонда” мотор асааж, авсан зургаа угааж мөнгө олж, бизнесийн салбарт зүтгэсэн гэдэг.

Ингэж явсаар Баян-Өлгий аймгийн Ардчилсан намд элсэж, намын хорооны ажилд идэвхтэй оролцсон. Улмаар 2016 оны сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Угаас өлгийн гурван гишүүн уг дуу цөөтэй. УИХ, хууль тогтоох байгууллагад бэлэг тэмдэг байсан Өлгийнхөнийг бас юм юм оролддог, шуугиан дэгдээж чаддаг гэдгийг Г.Солтан, Д.Мурат хоёр буй биеэрээ үлгэрлэсэн сайн талтай ч, хэзээч арилашгүй хар толботой үлдсэн.

Тэрбээр Ардчилсан намын Үндсэн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр намаасаа хөөгдөхөө шахсан. Тодруулбал "ЖДҮ-г хөгжүүлэх сангаас олон арван тэрбум төгрөгийн хувьдаа завшсан гишүүдэд хариуцлага тооцохыг удаа дараа хойшлуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариуцлага эс тооцох тухай шийдвэрийг удаа дараа дэмжсэн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийдвэр оногдуулж, УИХ-д дэвших эрхийг дөрвөн жилээр хассугай. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчсөн тул Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассугай" тогтоолд нэрээ бичүүлээд амжсан. Гэвч С.Эрдэнэ даргатай найзалж чадсаны хүчинд намдаа эргээд үлдсэн.

Түүний амьдралыг баялаг болгосон бас түүх бол нүүрсний уурхай. Түүний эзэмшлийн  "Эрчим Баян-өлгий"компанийнх нь нэр дээр байдаг бөгөөд Увс аймгийн Бөхмөрөн суманд 29,01 га газрыг 2033 ашиглахаар лиценз авчээ. Нүүрсний талбайн нэр нь нүүрст хотгор бөгөөд "MV -005696" дугаартай нүүрсний ашиглалтын лиценз юм.

УИХ-ын гишүүн болсноор Баян-Өлгий аймагт Д.Муратын санхүүжилтээр Баян-Өлгий aймгийн иргэд олон жилийн туршид хүсэн, хүлээж байсан гүүрүүдийг ашиглалтанд орууллаа. Тодруулбал, тус аймгийн Алтай сумын V багийн Бор Бургас гол болон III багийн Шар Говь голд иргэдэд нэн шаардлагатай байсан гүүрүүдийг тус тус ашиглалтад оруулсан байна. Бор бургас голд баригдсан гүүрний тухайд нийт 11м урттай, 5 тн даацтай. Харин Шар Бургас дахь гүүр нийт 4м урттай, 3 тн даацтай гүүр барьжээ. Мөн Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрт 36 хүний суудал бүхий "Паз" автобус бэлэглэн театрын удирдлага хамд олонд хүлээлгэж өгчээ..

өөрийн төрөлх Дэлүүн сумын 80 жилийн ойд оролцсон сонирхолтой мэдээлэл байна. Тэрээр энэ үеэр хувиасаа өөрийн төрөлхи суманд 40 сая төгрөгийн хандив өргөжээ. Үүний 31 сая төгрөгийг Дэлүүн сумын 80 жилийн ойн баярын хандивын дансанд шилжүүлсэн бол, 5 сая төгрөгийг "Дэлүүн-киелі ұйық” түүхийн номыг, 4 сая төгрөгийг «Дэлүүннің 80 жылын 80 ақын жырлайды» нэртэй Дэлүүн сумаас гаралтай яруу найрагчдын шилдэг шүлгийн түүвэр номыг хэвлүүлэхээр тус тус хандивласан байна.

Мөн “Монголын нууц товчоо”, “Миний мэдэх ЖЕНКО БАТТУЛГА”, С.Эрдэнэболдын “Монгол зарчим” зэрэг бүтээлийг Казах хэлнээ орчуулах ажлыг “Тойрол хаан” ТББ-аас зохион байгуулжээ. УИХ-ын гишүүн Д.Муратын тэргүүлдэг “Тойрол хаан” ТББ нь Казах Монголын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хүрээндээ дээрх бүтээлүүдийг Казах хэлнээ орчуулан хүргэх ажлыг зохион байгуулж, УИХ-ын гишүүн Д.Мурат ивээн тэтгэж ажиллажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.