У.Хүрэлсүх: Парламентад ХУЛГАЙЧ биш сор сор СЭХЭЭТНҮҮД байх ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-25

МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дараах зүйлийг хэллээ. Тэрбээр 

-МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Сонгууль маань шударга, сайхан болох байх...

Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, Нефтийн үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна...

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж та хэлж байсан?

-Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна. Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.70.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.