Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутаг бие даан хөгжих боломжийг нээсэн хуулийн төслийг өргөн барилаа
Үйл явдал
/
2020-04-25

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутаг бие даан хөгжих боломжийг нээсэн 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйл бүхий МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бидний хэдэн гишүүд санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төслийг нягт нямбай боловсруулахын тулд нийслэл, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран багагүй хугацаанд ажиллалаа.

Иргэнд хамгийн ойр ажилладаг баг, хорооны эрх мэдлийг нэмэгдүүлж, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд улстөрийн нам нэр дэвшүүлэхгүй, хариуцлагагүй ажиллавал ИТХ-ыг тараадаг байх, орон нутагт санхүү татварын тодорхой эрх мэдлийг олгох зэрэг шинэчлэлүүдийг багтаахыг зорилоо. Тодруулбал, Иргэдийн Хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чиг үүргээ биелүүлэхгүй байх, иргэд олон түмний итгэлийг хөсөрдүүлэх, бүлэглэх, улстөржих явдал гаргуулахгүй байх зорилгоор Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргах зэрэг арга хэмжээ авах эрхтэй байх зохицуулалтыг оруулсан.

Мөн Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох" гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицууллаа. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга (Ерөнхий сайд)-ын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга, (Ерөнхий сайд) шууд шийдвэрлэж байхаар, харин Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэж байхаар тусгасан.

Энэ хуулиар иргэн бүр сум, орон нутагтаа сайхан амьдрах, нутгийн өөрийн удирдлагын бие даасан хөгжлийг дэмжих, иргэн төрийн харилцааг илүү ойртуулахыг зорьсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.