Теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудаар ажиллаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-25

Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бүх боловсролын шатны байгууллагуудад хөл хорио тогтоож, оюутан сурагчид теле хичээлд хамрагдаж буй. Ерөнхий боловсролын сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орох эрсдэл тулгараад байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийн үед сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа сургалт, багш -эцэг эхчүүдийн харилцаа холбоо, сурагчдын теле хичээлд бүрэн хамрагдаж байгаа эсэх асуудалд судалгаа хийж, теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудаар ажиллаж байна.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84 дүгээр сургууль дээр ажиллаж, цахим сургалт, онлайн хичээл, теле хичээлүүдийн зохион байгуулалт, сурагчдын теле хичээлд хамрагдаж буй үр дүнгийн талаар болон ЭЕШ-ын бэлтгэлийн явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84 дүгээр сургууль нь нийт 185 багш сурган хүмүүжүүлэгчтэй бөгөөд 3 хэсэгт хуваагдаж цахимаар хичээллэж байгаа бөгөөд дэлхийн олон улсад тархаад буй коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд багш-сурагчид онлайн хэлбэрээр холбогдож, хичээл заах, шалгалт авах боломжтой Google plus room, Zoom системийг ашиглаж байна. Тус сургуулийн хувьд 2007 оноос эхлэн цахим сангийн программыг хэрэглээндээ нэвтрүүлсэн Монголын анхны цахим сургууль юм. Ингэснээр гадаадад түр зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй сурагчид e-хичээл, e-тест, e-ном зэрэг программуудыг ашиглан сургалтын хөтөлбөрөө нөхөж үзэх боломжтой.

Сургуулийн цахим сургалт болон теле хичээлийн үр дүнд сургалтын хөтөлбөрийг сурагчид бүрэн эзэмшиж буй эсэхэд судалгаа хийж байгаа бөгөөд цаашид хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдэг асуудлаар талууд санал солилцсон юм. Сургуулийн захиргаанаас теле хичээлд хамрагдаж буй сурагчдын дунд судалгаа хийж, цахим сургалтуудын чанар үр дүн сар бүр гаргадаг байна. Судалгаанаас харахад бага болон дунд ангийн сурагчдад эцэг эхчүүдийн оролцоо маш чухал байгаа нь ажиглагдсан бол төгсөх ангийн сурагчид теле хичээлд идэвхтэй байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.