БАЯЧУУДЫН амьдардаг Богд уулыг БОРЧУУД нь түймрээс хамгааллаа...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-28

Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг.

Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг. Тэнгэрийг тэтгэгч хааны зарлиг гарсны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахьдаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган, 2004 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.

Ийнхүү төрийн тахилгат их хайрхан уул 2020 онд хоёр удаа гал түймэрт өртлөө. Эхнийх нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга,  хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, 15:14 цагт бүрэн унтраалаа.

Харин өчигдөр дахин гал гарав. Гал гарсан даруйд НОБГ, гал унтраах гурван анги хамтран ажиллаж унтраав. Машинд гарах боломжгүй хэт өндөрлөг газар учраас иргэд, залуус гэнжин холбоо үүсгэн зогсож, савтай ус дамжуулан зөөж цурманд оруулж намжаав. Хэрэв иргэд нэгдэж хүч нэмэрлээгүй бол Богд уулын мод шатаж, ихээхэн хэмжээний гарз хохирол учрах эрсдэлтэй байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.