Сонгино сумын засаг дарга М.Баттөмөр: ард иргэдийн амьжиргааны түвшин дээшилж байна
Үйл явдал
/
2020-04-28
 

Сонгино сумын тухайд өнгөрсөн 2019 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.  Энэ зорилтот жилийн хүрээд ямар онцлох ажлууд зохион байгуулав. Үр дүнгийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

 

2019 оныг  “Эрүүл мэнд”-ийг дэмжих жил болгон зарласнаар жилийн төлөвлөгөөгөө боловсруулж, сар, улирал бүр гүйцэтгэлийг тооцон ажиллалаа. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөн хийх,  хөдөөгийн багийн иргэдийг улирал бүр үзлэг оношилгоонд хамруулснаас гадна сумын нутгийн зөвлөлийн гишүүн, их эмч Б.Наранцэцэг Улаанбаатар хотоос ирж ахмад настнууд, эмэгтэйчүүдэд төрөлжсөн ЭХО-ны  үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө. Сумын хэмжээнд сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн  Баасан гаригийг “Эрүүл мэндийн өдөр” болгож, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, ард иргэдийн хийх ажлыг удирдамжид тусган хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсоноор сумын иргэдийн идэвх санаачилга, нутаг орноо гэсэн сэтгэлтэй Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн удирдлага гишүүдтэйгээ хамтран хандив дэмжлэг, сайн үйлсийн аян зохион байгуулснаар 120 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн шинэ техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшил авах,  шинэ тохилог орчин бүрдүүлэхээр төлөвлөж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Цаашдаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадвар, ажлын хариуцлага, харилцаа хандлага, ёс зүйд  онцгой анхаарал хандуулан ажиллах болно.

 

Эрүүл мэндийн салбарт бодит ажлуудыг хийжээ. Өнгөрсөн жил та малынхаа тоонд бус чанарт анхаарлаа хандуулахад сумаасаа нэгдсэн бодлогоор дэмжиж, үр дүнд нь хөдөөгийн малчдын амьдрал ч дээшилж байгаа тухай ярьж байсан. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт хийсэн шинэлэг ажлынхаа талаар?

 

Эдийн засгийн голлох салбар болох мал аж ахуйн салбартаа анхаарал хандуулсны үр дүнд  сүүлийн гурван жил дараалан өсөлт гарлаа.  Үүнд байгаль цаг уур тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Нөгөө талаас бид Засаг даргын мөрийн хөтөлбөртөө малын удам угсааг сайжруулах талаар тодорхой зорилт тусган хэрэгжүүлэн ажилласнаар малын чанар сайжирч байна.  Жил бүр малын үзлэг ангилалт, удам зүй, оношилгоонд анхаарч нэг жилд 150 орчим хээлтүүлэгчийг шилж сонгон малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулан ажиллаж байна. Мөн жил бүр малчдынхаа саналаар бэлчээрийн талбайг өнжөөх, ашиглах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хурлаас тогтоол гарган хэрэгжүүлэн ажиллаж хэвшлээ. 2017, 2019 онуудад бэлчээрийн талбайн үлийн цагаан оготны устгалыг  10-12 га талбайд зохион байгуулсан. 2019 оны тавдугаар сард “Сумын малчдын чуулга уулзалт”-ыг хийж, цаашид  мал аж ахуйн үйлдвэрлэлээ  хэрхэн,  яаж хөгжүүлэх талаар зорилго зорилтоо тодорхойлсон. Үүний  үр дүнд мал аж ахуйн салбарт жил бүр өсөлт гарч, малчид болоод иргэдийн маань амьжиргааны түвшин дээшилж байна. Арван гурван  жилийн дараа  манай сум улсын аварга малчинтай болж амжилт бүтээл арвин байна.

 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил хаваржилт бас л сайнгүй харагдаж байна?

 

Сумын Шар нуруу баг болон Айраг нуур  багийн Түлээтийн хэсэгт цагаан зудын байдалтай өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй болсон.  Малчид өвс тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлсэн. Сумын  аюулгүйн нөөцөөс 50 гаруй тонн өвс, 25 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр тараасан, аймгийн аюулгүйн нөөцөөс  Засгийн газрын тогтоолын дагуу 30 тонн өвсийг үнэгүйгээр, 30 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгосноор хаваржилт харьцангуй гайгүй, сайн малын хорогдол багатайгаар хаврын дунд сартайгаа золгож байна. Сумын хэмжээнд 48 мянган төл хүлээж авна.

 

Төрийн үйлчилгээг иргэддээ тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарахаас гадна төрийн байгууллагууд төрийн бус байгууллагуудтайгаа уялдаа холбоо сайтай ажилладаг гэж байсан. Энэ талаарх сум орон нутгийнхаа сайн туршлагаас хуваалцаач?

 

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр , аймаг, сумын  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу төрийн үйлчилгээг иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарч ажиллаж байна. Нэн ялангуяа хөдөөгийн малчид,  иргэдийнхээ санал бодлыг сонсож, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар судалгаа авч, багийн Засаг дарга, багийн эмч нарыг  удирдлагаар ханган сар бүр айл өрх, иргэдтэйгээ  холбогдож мэдээ мэдээлэл өгч байна. Нэг төрийн албан хаагч  таван өрхийг хариуцаж  долоо, 14 хоногоор  мэдээлэл хүргэж хэвшээд байна.  Сумын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг  эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах зэрэг олон ажлыг зохион байгууллаа. Цашид ч багагүй ажлыг хийхээр төлөвлөгөө гарган хамтран  ажиллаж байна. Мөн Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлүүдийг  2019 онд манай сумын Нутгийн зөвлөл тэргүүлэн ажиллалаа.  Бид 2020 онд сумандаа хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаад байна.   

 

Сум орон нутгийн хөгжлийг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар асуухгүй өнгөрч болохгүй. Сүүлийн жилүүдэд Сонгино суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч. Өнгөрсөн жил Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсоноор мэдээж бодит үр өгөөж их байгаа болов уу?

 

Зам дагаж хөгжил ирж байна.  Үр өгөөж асар их байгаа. Хамгийн гол нь бид зөв төлөвлөж тодорхой үр дүнд хүрэх ёстой. Цаашид зам дагуу газар олголтод ямар бодлого барих,  иргэд, худалдаа үйлчилгээний цэг салбаруудаа яаж хөгжүүлэх талаар оновчтой бодлого хэрэгжүүлэх гээд олон ажил байна. Замын гүйцэтгэгч компианий хөрөнгөөр  сумын төв хүртэл нэг километр орчим замыг ашиглалтад оруулсан. Нутгаа гэсэн сэтгэлтэй бизнесмений 30 орчим сая төгрөгийн дэмжлэгтэйгээр хуучин цэцэрлэгийн барилгатаа их засвар хийж, ажлын байр бий болголоо. Нөгөө талаар сум орон нутгийн өнгө үзэмж ч дээшилсэн сайхан ажил болсон. Төрийн таван байгуулага,  Харилцаа холбооны салбар, ХААН банк зэрэг байгууллагууд нэгдсэн дулааны сүлжээнд холбогдлоо. Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамирын талбай” ашиглалтад орлоо. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсон.

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалт ч их чухал. Энэ жил танай сумын орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг хуваарилагдав. Ямар ажлуудад зарцуулахаар төлөвлөв. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж буй талаараа мөн товчхон мэдээлэл өгөөч?

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил маш чухал. Журмын дагуу иргэдээсээ санал авч, төлөвлөгөөгөө боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа өргөн барьсан. Иргэд ч хяналтаа тавьж, хөрөнгө оруулалт, зарцуулалтаа зөв хийсний үр дүнд урамшуулал авч 2020  онд 77 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байна. Тухайлбал, хүн амын ундны усны худагт ухаалаг төхөөрөмж тавих,  Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, спорт заалны дээврийг шинэчилэх, Соёлын төвийн барилгын их засвар хийх, төвлөрсөн хогийн цэгийн талбайг торлох, гудамж талбайн хаягжуулалт, нийтийн эзэмшлийн зам засварын ажил, хөдөөгийн багуудад мал угаалгын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.  Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 2019 онд нийт долоон ажлын байранд 57 сая төгрөгийн зээлийг олгож ажиллалаа.

 

Мэдээж энэ бүх хөрөнгө оруулалтуудын үр дүнд олон иргэн түр болон байнгын ажлын байраар хангагдсан байх.Тухайлбал, сүүлийн гурван  жилийн хугацаанд хэчнээн ажлын байр бий болгов?

 

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг дагаад  сүүлийн гурван жилийн хугацаанд 112 иргэнийг түр  болон  байнгын  ажлын байраар хангалаа. Ажил хайж байгаа иргэд түр ажлын байрны нэг өдрийн цалин 20 мянган төгрөгийг голж буйг харахад манай иргэдийн амьдрал харьцангуй боломжтой байна даа гэж бодож суулаа. Ер нь хөдөө орон нутагт түр ажлын байрууд элбэг шүү дээ. Нэн ялангуяа мал аж ахуйн салбарт түр ажлын байрууд нэлээдгүй байдаг. Цаашид бид бүртгэлжүүлж, зохион байгуулалтад оруулахаар төлөвлөж байна.

 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт дэвшүүлж, сум бүрт 2-5 жижиг үйлдвэртэй болохоор төлөвлөж байна. Энэ зорилт танай суманд хэрхэн хэрэгжиж байна вэ?

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд аймгаас арьс шир, нэхий элдэх тоног төхөөрөмжийг хүлээн авч ажлын байр нэмэгдүүллээ. Мөн зөвлөх үйлчилгээний багаас сургалт, зөвлөгөө авч 2-3 ажилтныг бэлтгээд байна. Цаашид арьс шир нэхий эдлэлийн үйлдвэрлэлээ түшиглэн оёдлын тасаг, цех ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Манай сумын бренд “Нутгийн хишиг” цайны үйлдвэрлэл, “Монгол гутал”-ын  үйлдвэрлэлүүд иргэдийн захиалгын дагуу амжилттай ажиллаж байна.

 

2020 онд Сонгино суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтуудынхаа талаар мэдээлэл өгөөч. Ард иргэдийн санал, санаачилгаар хийх ажлууд ч бас цөөнгүй бий болов уу?

 

2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн  320 хүүхдийн  хичээлийн байр, спорт заалны барилгын ажил хийгдэнэ.  Мөн Онцгой байдлын газрын харьяа “Аврах бүлэг”-ийн байр ашиглалтад орно. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, Нутгийн зөвлөлийнхөө дэмжлэгтэйгээр Сумын Эрүүл мэндийн төвд орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ой болох тул хандив тусламжаар сургуулийн барилгын  их засварыг хийх,  тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.   

\

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.