С.Баасанхүү: Үе үеийн генералууд улс орны хөгжлийн бүх шатанд манлайлж оролцсон
Ярилцлага
/
2020-04-28

Монгол Улсад генерал цол олгож эхэлсэний 76 жилийн ой ирэх долоо хоногт тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол генерал” төвийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.

 

 -Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр нь “Монгол генералын өдөр” байдаг. Жил бүр алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүлдэг ч энэ жил дэлхий нийтээр тархсан шинэ короновирусын халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан тэмдэглэх боломжгүй болсон. Ер нь энэ өдрийн гол онцлог юу вэ?

    -Энэ өдөр амьд түүх болсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьдог. Үүний тулд жил бүр олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.  Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад генералууд маань хүнд цаг үеэс өнөөдрийн нийгэмд хэрхэн шилжсэн, цэргийн дарга хүн гэж ямар байх ёстой гэхчлэн хууч дэлгэсэн сайхан ярилцлагууд өгөх, төвлөрсөн арга хэмжээ, уулзалтууд буюу оюутан залуус, томоохон албан байгууллагуудад эх оронч үзлийн талаар яриа таниулга хийх гээд нийгэмд хандсан олон ажил, арга хэмжээг зохион байгуулдаг юм.  Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад төвлөрсөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, цэрэг-эх оронч яриа, таниулгыг хийх боломжгүй болсон.  

 

-Монгол Улсад хэдэн генерал байдаг юм бэ?

       -Одоогоос 76 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Энэ цагаас хойш 185 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор өдгөө 91 нь энх тунх байна.  Үүнээс 27 нь төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагадаа үүргээ гүйцэтгээд ажиллаж байна.  Генералууд цолтнууд дотор маршал нэг, армийн генерал  нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 41 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10, дипломат албанд ажилласан нь ч бас олон. Энэ тоо баримт нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэх учиртай. Өнөөдөр хамгийн өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо. 96 настай. Өдгөө энх тунх байгаа ганцхан хурандаа генерал. Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд Улаанбаатар хотын захиргаанаас орон сууц өгөхөөр болсон сайхан мэдээ дуулдана лээ. Өмнөөс нь баярлаж л суулаа 

 

“Монгол генерал төв”-ийг байгуулах болсон түүхээ хуучлахгүй юу?

      -1999 онд олон мундаг генералууд нэг дор цугласан арга хэмжээ болсон юм. Хурандаа генерал Ж.Авхиа, Б.Дэжид, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Б.Цэдэн-Иш, Ш.Арвай, Ж.Жамъян гээд барааг нь хараад л сүрдэх мундгууд цуглалаа. Бараг 70 гаруй хүн ирсэн байх. Өмнө нь тийм арга хэмжээ төдийлөн болж байгаагүй учраас их л идэвхтэй цугласан юм даг. Тэгсэн домгууд маань босож ирээд “Баасанхүү нөхөр минь чи нэг юм бод. Бидний хэдэн генералууд цаашдаа тогтмол уулзмаар байна. Нэгнээ хараад сэтгэл их сэргэлээ. Залуу хүү та энэ ажлыг хий” гэж даатгасан. Тэр үед хамгийн сүүлд цол авсан шинэ цэрэг нь би байж таарсан л даа. Ингэж л би дарга нарынхаа тушаалаар хөөцөлдөж гүйсээр “Монгол генерал төв”-өө байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь авсан юм. Үүнээс хойш 21 дэх жилдээ болж байна. Манай байгууллага гишүүддээ үйлчлэхээс нийгэмд биш. Нэгдүгээрт, ахмад үеийнхээ түүх, уламжлал, замнал, гавьяат үйлсийг мартагнуулахгүй авч үлдэж, дараагийн хүмүүстээ хүлээлгэж өгөх зорилготой. Үүний тулд хүүхэд багачууд, оюутан залуус, албан байгууллагуудад эх оронч үзэл, хүмүүжлийн талаар тасралтгүй ярилцлага хийдэг. Мөн жилд дор хаяж тав хүртэлх генерал ном бүтээлээ гаргаж байна. Энэ нь өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, үндсэн байгууллагууддаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёрдугаарт, генералууд маань айхтар сүрхий цол зүүсэн хэдий ч хүн шүү дээ. Алдаж онох, гуниж гутрахад нь тусалж, дэмжихийн төлөө явдаг. Гуравдугаарт, ижил төсөөтэй байгууллагуудтай хамтарч, үндсэн байгууллагууддаа дэм болох чиглэлээр ажилладаг. Үндсэн байгууллагад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ИНЕГ гэсэн найман байгууллага хамаарна.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.108.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.